ДЭМБ: Хөл хорионы арга хэмжээнүүдийг хэт эрт цуцалбал халдвар асар хурдан нэмэгдэж болзошгүй

ДЭМБ: Хөл хорионы арга хэмжээнүүдийг хэт эрт цуцалбал халдвар асар хурдан нэмэгдэж болзошгүй

ЖЕНЕВ. /BBC/. Дэлхийн улс орнууд коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүдээ хэт эрт цуцалбал халдвар асар хурдан нэмэгдэж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус анхаарууллаа.


Т.Гебрейесус улс орнууд хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй хэмээн хэлээд, эдийн засагт сөрөг үр дагаврууд бий болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүртэл үүнийг анхаарах хэрэгтэй гэдгийг онцолжээ. Европын орнуудаас халдвар хамгийн их тархсан Испани, Италид хөл хориог үргэлжлүүлж байгаа хэдий ч зарим арга хэмжээгээ сулруулах төлөвтэй байгаа юм.


Дэлхий даяар халдварын 1.6 сая тохиолдол бүртгэгдэж, 101 мянга гаруй хүн нас баржээ. ДЭМБ-ын тэргүүн цахим хэвлэлийн бага хурлын үеэр, Европын зарим оронд цар тахал саарч буй “нааштай хандлага” ажиглагдсан хэмээн хэлээд, ДЭМБ Засгийн газруудтай хязгаарлалтыг сулруулах стратегийг боловсруулах чиглэлд хамтран ажиллаж байна гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч ийм шийдвэрийг хэт эрт гаргаж болохгүй бөгөөд үүнийг зүй зохистойгоор хэрэгжүүлэхгүй бол тун аюултай байж болзошгүйг анхааруулсан байна.


Испани, Итали хязгаарлалтаа хэрхэн сулруулах гэж байна вэ?

Испанийн Засгийн газар барилга, аж үйлдвэр зэрэг чухал шаардлагагүй зарим салбарын ажилтнуудыг даваа гаргаас ажилдаа эргэн орохыг зөвшөөрөхөөр бэлтгэж байгаа аж. Испанид баасан гарагт 605 хүн нас барсан нь сүүлийн 17 хоногт бүртгэгдсэн хамгийн цөөн нас баралт болсон бөгөөд тус улсад халдварын улмаас нийт 15843 хүн нас баржээ. Засгийн газар дээр дурдсан төлөвлөгөөг боловсруулж байгаа хэдий ч Улаан өндөгний баяр тохиож буй энэ амралтын өдрүүдээр зайнаас харилцах дүрмээ баримтлахыг ард иргэддээ уриалсан байна.


Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте улс орон даяар тогтоосон хөл хориог ирэх тавдугаар сарын 3 хүртэл сунгаад, өдийг хүртэл бий болсон үр дүнг үгүй хийж болохгүй гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн гуравдугаар сарын 12-ноос хойш зогсоогоод байсан цөөн тооны бизнесийг мягмар гаргаас үйл ажиллагаагаа сэргээхийг зөвшөөрөхөөр болсон байна.


Ж.Конте номын дэлгүүрүүд, хүүхдийн хувцасны дэлгүүрүүдийг онцлон дурдсан боловч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, угаалгын газрууд болон бусад үйлчилгээний газрууд үүнд багтаж байгаа ажээ. Италид хөл хорио тогтоосноос хойш зөвхөн хүнсний дэлгүүрүүд, эмийн сангуудыг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн юм.


Италид халдварын улмаас нас барсан хүний тоо баасан гарагт 570-аар нэмэгдсэн нь өмнөх өдрийнхөөс 40-өөр буурсан бол халдварын шинэ тохиолдлын тоо 4204-өөс 3951 болж буурчээ.


Бусад улс оронд нөхцөл байдал ямар байна вэ?

Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар орон даяар тогтоосон хөл хориог тавдугаар сарын 5 хүртэл сунгана гэж мэдэгдсэн байна.


Туркт Истанбул, Анкара зэрэг 31 хотод 48 цагийн хөл хорио тогтоохыг үүрэг болгожээ. Уг мэдэгдлийг хөл хорионы цаг эхлэхээс хоёрхон цагийн өмнө мэдэгдсэн нь дэлгүүрүүдийн ачааллыг эрс нэмэгдэхэд хүргэжээ.


Португалд зарласан онцгой байдал тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуза мэдэгдсэн байна.


Их Британийн Засгийн газар хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрхэн аажмаар цуцлах талаар хэлэлцэж байгаа боловч халдварын оргил үе дууссан болох нь батлагдах хүртэл хөл хориог цуцлахгүй ажээ.


Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Кирилл Рамафоса 21 хоногийн хөл хориг дахин хоёр долоо хоногоор сунгана гэж мэдэгджээ. Сөрөг хүчин уг шийдвэрийг эдийн засгийн хямрал үүсгэж болзошгүй гэж үзжээ.


Францад халдварын улмаас нас барсан хүний тоо баасан гарагт 1000 орчмоор нэмэгдэж, 13197-д хүрчээ. Гэсэн хэдий ч эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүний тоо хоёр өдөр дараалан цөөн тоогоор буурчээ. “Бид халдварын оргил үед хүрч байгаа бололтой” гэж тус улсын Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Жером Саломон мэдэгдсэн байна.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.