БНСУ-ын иргэдийн амьдрал хэрхэн өөрчлөгдөв?
БНСУ-д хоёрдугаар сарын дунд үеэс хойш “COVID-19”-өөр дотоодод халдварласан тохиолдол анх удаа бүртгэгдсэнгүй. Тус улсад лхагва гарагт дөрвөн тохиолдол шинээр илэрсэн ч бүгд хилийн чанадаас зөөвөрлөгдөн иржээ.
БНСУ-д дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар халдварын 10765 тохиолдол бүртгэгджээ.
Дэлхийн халдварын голомтуудын нэгд тооцогдож байсан БНСУ-ын хувьд орон даяар хөл хорио тогтоохгүйгээр дээрх үр дүнд хүрчээ. “Энэ бол БНСУ болон ард түмний хүч” гэж тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдсэн байна.
Энэхүү үр дүнд хэрхэн хүрэв?
БНСУ-ын Дэгү хотын сүмд халдвар тархсаны улмаас халдвар авсан хүний тоо хоёрдугаар сард огцом нэмэгдсэн. Шинчонжи сүмийн нэгэн гишүүн олон арван хүнд халдвар тарааж, олон мянган халдварын тохиолдлууд бүртгэгдсэн юм.
Энэ үйл явдалтай холбогдуулан Засгийн газар олныг хамарсан шинжилгээ хийх шийдвэрийг гаргасан байна. Үүний дагуу шинжилгээ хийх боломжийг өргөжүүлж, автомашинуудад шинжилгээ авч эхэлжээ. Сөүл хотод жолооч нараас шинжилгээ авч буйг доорх зурагт харуулжээ.
Олон нийтийг шинжилгээнд хамруулж эхэлснээр халдвар авсан хүний тоо огцом нэмэгдсэн боловч халдвартай хүмүүсийг илрүүлж, тусгаарлаж, эмчлэхэд цаг хожиж чаджээ. Мөн БНСУ-д ойрын хавьтлыг тогтоох ажиллагааг эрчимтэй явуулж, өвчтөнүүдтэй ойр байсан хүмүүсийг олж, тусгаарлаж, шинжилгээ хийжээ.
Мөн шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүстэй ойр амьдарч, ажилладаг хүмүүст анхааруулга хүргүүлж эхэлжээ. Ард иргэд эмнэлгийн байгууллагаас илгээж буй зурвасуудад тун удалгүй дассан байна.
Шинчонжи сүмтэй холбоотой хүмүүс БНСУ-д илэрсэн нийт халдварын тохиолдлын тэн хагасыг эзэлж байсан тул бүх сүмийн үйл ажиллагааг зогсоожээ. Өнөөдөр сүмүүд үүд хаалгаа нээсэн боловч мөргөлчдийг бие биеэсээ зай барьж, амны хаалт зүүхийг шаардсан хэвээр байна.
Өнгөрсөн долоо хоногт шалгалт өгсөн оюутнуудаас мөн дээр дурдсан дүрмийг баримтлахыг шаардаж, бие биетэйгээ харилцах боломж олгоогүй байна.
Мөн өдрийн хоол идэх нь бусадтай харилцаж, найзуудтайгаа уулзах цаг байхаа больж, хүмүүсийн хооронд хаалт байрлуулсан байна.
Хэдийгээр ийм хатуу дүрмийг бүх зоогийн газар, кафед баримталж буй эсэх нь тодорхойгүй боловч БНСУ-ын иргэд зайнаас харилцах шаардлагатай хэвээр байгаа юм.
Олон хүний хувьд амьдрал нь шинэ хэв маягт шилжжээ. Хүмүүс гадуур гарч байгаа хэдий ч аливаа арга хэмжээ, албан байгууллага руу орохдоо заавал халуунаа шалгуулах шаардлагатай болжээ.
Энэ эмэгтэй бол Бурхан багшийн мэндэлсний ойг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон хүмүүсийн нэг юм.
БНСУ-д дөрөвдүгээр сарын эхээр явуулсан сонгууль вирусний халдварыг хязгаарлах тус улсын хүчин чадлыг утгаар нь шалгасан. Дөрөвдүгээр сарын 15-нд Үндэсний ассамблейн сонгуулиар олон мянган хүн саналаа өгсөн. Тэдэнд гялгар бээлий тарааж, бие биеэсээ зай барихыг хүсэж, санал авах байр луу орохоос нь өмнө халууныг нь шалгасан.
Санал хураалтын дараа халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж болзошгүй хэмээн таамаглаж байсан боловч өнгөрсөн хоёр долоо хоногт ийм явдал болсонгүй. Сонгуульд эрх баригч нам түүхэн ялалт байгуулсан нь хямралыг зохицуулах чиглэлд гаргаж буй тэдний хүчин чармайлтыг үнэлсэн хэрэг болов.
Мөн нийтийн тээврийн хэрэгсэлд халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд олон арга хэмжээг хэрэгжүүлжээ. Метроны буудлуудыг нямбай цэвэрлэж, халдваргүйжүүлэгч шингэнээр арчиж байна.
БНСУ-ын иргэдийн ихэд сонирхон үздэг бейсболын тэмцээнүүдийг үзэгчидгүйгээр зохион байгуулсаар байна. Тамирчид бээлий өмсөн тоглож байгаа бөгөөд тэдний хувьд алга хавсрах хүртэл хориотой юм.
Сургуулийн сурагчид хичээлдээ цахимаар сууж байна. Анги танхимууд хоосон боловч хичээлүүд цахимаар орсоор байна.
БНСУ-д хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь халдварын тархалтыг хяналтдаа авахад ихээхэн хувь нэмэр оруулжээ. Мөн тус улсад гадаадын орноос ирсэн бүх хүнийг 14 хоног тусгаарлаж байгаа тул шинэ тохиолдлуудыг нэвтрүүлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна.
Гэсэн хэдий ч эрх баригчид болгоомжилсон хэвээр байгаа бөгөөд “вакцин гарган авах хүртэл цар тахал дахин дэгдэх нь гарцаагүй” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.