Бразилын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөс халдвар илэрчээ

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн хэвлэлийн төлөөлөгч, генерал Отавио Сантана до Рего Барросын коронавирусний шинжилгээний хариу “эерэг” буюу халдвартай гарчээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлснээр, О.Барросын шинжилгээний хариу мягмар гарагт гарсан бөгөөд тэрбээр одоо гэртээ эмчлүүлж байгаа ажээ. Өнгөрсөн гуравдугаар сард Ж.Болсонаруг дагалдан АНУ руу явсан 24 дэх хүнээс халдвар илэрч буй нь энэ юм.
О.Баррост халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд түүний хамтран ажиллагсад шинжилгээний хариугаа хүлээн гэртээ байгаа аж. Бразилын Ерөнхийлөгчийн хувьд шинжилгээний хариугаа "сөрөг" гарсан хэмээн мэдэгдэж байгаа боловч олон нийтэд дэлгэхээс татгалзжээ.
Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 10503 тохиолдол шинээр бүртгэгдэж, 615 хүн нас барлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр Бразилд 125218 хүн халдвар авч, 8536 хүн нас барсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.