Цахим нэртэй ЦААС

Цахим нэртэй ЦААС

Төрийн хайр хишиг гэж залбирах уу, түмний саналыг худалдан авч байна гэж загнах уу, мэдэхгүй л байна. Олон хүүхэдтэй ээжүүд гэрээр дүүрэн “мөнгөнүүд” үймэлдээд хайр хүрээд байна гэж хошигнох.

Зарим нь 200 мянга маань унтаж байтал дээд айлын 300 мянга дэвхцээд эхэллээ, танайх 100 мянга дээрээ 100 мянгыг нэмэх болоогүй юу гэж нэг нэгнээ явуулах. Зарим нь 50 ямаатай, таван хүүхэдтэй хүнтэй танилцана гэж дөгөөх. Ямаа бүрд 20 мянга гээд бодоход нэг сая төгрөг, таван хүүхдийн таван зуун мянгатайгаа нийлээд маниусын цалингаа давсан “олигархи” болчих юм биш үү. 50 ямаатай, таван хүүхэдтэй байхад бараг ажил ч хийгээд хэрэггүй мэт. Зарим нь аль дээр үед 500 мянга өгч байхад нь гэрлээд таван хүүхэдтэй болчихдог байж гэж амаа барих.

Хүүхэдгүй нь хохь болж, хүүхэдтэй нь хожиж буй төр засгийн маань “энэрэнгүй” шийдвэрт итгэж ядах хүмүүс ч их байна. Үнэхээр л үр хүүхдээ гэсэн бодлого шийдвэр гаргадаг бол сарын өмнө шийдвэрлэсэн хүүхдийн мөнгийг 30 мянга биш 100 мянган төгрөг болгочихгүй яасан юм гэж ширвэлзэх ч хүмүүс байна. Цар тахлын үеийн “түргэн тусламж” гэдэг сүржин үгээр халхавч хийж сонгуулийнхаа пи арыг эхэллээ дээ гэж хардах ч улс байна. Сонгууль дөхөх тусам манай эрх баригчид эгээ л гэрт минь ирж гэр цэвэрлэж, массаж хийж өгөх нь холгүй болдог доо.

Цар тахлын дуулианыг далимдуулж наагуур нь хөл хорьж, цаагуур нь хор хутгаж байгаа юм биш биз гэсэн ажиг сэжиг аваад удаж буй энэ цаг үед өөр ямар тусламж тэнгэрээс хур мэт зуу, зуун мянгаараа асгарах бол. Харж л байя даа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.