Хүүхдийнхээ мөнгөөр архидах нь нэмэгджээ

Лантуун дохио” төрийн бус байгууллагаас Лантуухүүгийн богц 2020 зорилтот аяны давлагаа өнгөрсөн долоо хоногт өрнөсөн билээ. Ард иргэд, аж ахуйн нэгжийн хандивласан эд зүйлс, хүнсний бүтээгдэхүүнийг нийслэлийн есөн дүүргийн эмзэг бүлгийн гэр хороололд амьдардаг, олон хүүхэдтэй айл өрхөд тараасан юм. Аяны хүрээнд 70 нэр төрлийн 89495 ширхэг хүнс, хичээлийн хэрэглэл, ахуйн хэрэглэл, тоглоом, хуучин хувцасны хандивыг хүлээн авчээ. Монголчууд нэгдэж чаддаг гэдгийг харуулж, нийт 2169 өрх айлд 150 машинаар үйлчилж хүнсийг түгээсэн. Айл өрх бүрд таван хүүхэд бий гэж үзвэл 10845 хүүхдэд тусламжийн хүнс очсон байна.
Хандивын аяныг зохион байгуулан ажиллаж буй ажилтан айл өрхүүдэд архидалт маш их байна. Хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлал тэр чинээгээрээ өсөж байгаад сэтгэл эмзэглэж байна гэдгээ илэрхийлсэн юм. Саяхан Засгийн газраас цар тахлын хүрээнд амьжиргааг дэмжих бодлогоор сар бүр олгодог хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнтэй холбогдуулж ухвар мөчид эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ мөнгөөр архидан согтуурах явдал газар авчээ.
Хүүхдийнхээ ирээдүйн боловсролд хөрөнгө оруулж хадгаламж нээх, эсвэл сургалт дамжаанд явуулж оюун ухаан, авьяас чадварыг нь хөгжүүлэх, амттай амин дэмтэй хоол тэжээлээр хангах, мөр бүтэн гэдэс цатгалан яваасай гэсэндээ гялайлгасан хэдэн төгрөгийг нь ийнхүү согтууруулах ундаанд зориулж байгаа нь харамсалтай. “Лантуун дохио” төрийн бус байгууллага шиг тэдний хүүхдүүдэд санаа тавин хоолыг нь аманд нь хийх шахам хүргэж өгдөг сайхан сэтгэлтнүүд хэд бол. Хавтгайрсан халамж бэлэнчлэх сэтгэлгээг төрүүлж, хайхраагүй иргэд хар усанд живж байгаа нь хэний буруу вэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.