Бага насны 1611 хүүхэд ЭХ ОРОНДОО ИРЭХ хүсэлт гаргажээ

Шуурхай штабаас өнөөдөр (2020.05.19) мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар оролцов. Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Монгол Улс өнгөрсөн хугацаанд 15 удаагийн агаар зам буюу нислэгээр 3315 хүн, төмөр зам, авто зам, явганаар 5007 иргэнээ хилээр нэвтрүүлжээ. Сүүлийн долоо хоногт 1070 хүнийг татан авсан. Одоогийн байдлаар 46 улсаас 10761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Эдгээр иргэний дунд бага насны 1611 хүүхэд, жирэмсэн 152 эмэгтэй, санхүүгийн ямар ч боломжгүй болсон 1002 иргэн байна.
Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн иргэдийг нийслэл болон бусад орон нутаг дахь 27 цэгт тусгаарлаад байна. Мөн коронавирусний халдваргүй буюу өөр өвчтэй хүмүүсийг Нэгдүгээр төв эмнэлэгт тусгаарлаж эхэлсэн.
Улсын Онцгой комисс, Шадар сайдын зүгээс ОХУ-аас оюутнуудаа татан авах ажиллагааг нарийн зохион байгуулахаар ярьж байна. Мөн Энэтхэг рүү хоёр дахь нислэгийг хийхээр төлөвлөж байгаа. Одоогоор хугацаа тодорхойгүй ч бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. БНХАУ-аас тодорхой иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Удахгүй эдгээр иргэнээ мөн татан авч, Замын-Үүдэд тусгаарлах ажлыг зохион байгуулна. Татан авах ажиллагаа цаашид тасралтгүй хийгдэнэ" гэлээ.
МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Иргэд маскаа зүүхгүй байна. Мөн аж ахуй нэгжүүд цэвэрлэгээгээ сулруулж байна. Бид маск зүүгээгүй иргэдэд эхний удаа сануулга өгч байгаа. Дараагийн удаа маск зүүгээгүй иргэн, ариутгал хийгээгүй аж ахуй нэгжид арга хэмжээ авахаас өөр арга байхгүй.
Гарал үүсэл нь тодорхойгүй, чанар муудсан хоол хүнс борлуулах зөрчил их гарч байна. Тавдугаар сарын 16-нд Дорнод аймагт зургаан том хүн, нэг хүүхэд хордлого авсан. Энэ нь хоол хүнсний эрүүл ахуйг хангаж чадаагүйг харуулж байна. Энэ мэт асуудлаас болоод эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.