С.Чинзориг: Ажлын байр чөлөөлөх нэрийн дор 44 мянган иргэнийг эрт тэтгэвэрт гаргасан

С.Чинзориг: Ажлын байр чөлөөлөх нэрийн дор 44 мянган иргэнийг эрт тэтгэвэрт гаргасан

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх тогтоолыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн.1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгожээ. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмсэн билээ.

21.2 мянган иргэний тэтгэврийг нэг удаа 50 мянган төгрөгөөр нэмэхээр болов

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өглөө

Тэрээр “2017 онд Монгол Улсын их хурал малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулах хууль батлан хэрэгжиж байна. Хуулийн хүрээнд ес орчим мянган малчин Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүссэн. Гэхдээ малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт маш бага байдаг учир малчдын тэтгэврийн насыг урагшлуулсан ч энэ хуулийг өөртөө боломжтой байдлаар ашиглах боломж бага байна. Нийт 42 мянган малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлснөөр энэ онд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, Зарим иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцож олгох журам баталсан. 2019 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Их хурал зарим иргэдийн тэтгэврийг шинэчлэн тогтоох хууль баталсан. Тухайлбал, 1991 онд БНМАУ-ын Тэтгэврийн тухай хуулийн дагуу өндөр настны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг оны эхэнд нэмэгдүүлэхээр болсон. 1991 онд тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр ажлын байр чөлөөлөх нэрийн дор 44 мянган иргэнийг тэтгэврийн нас нь болоогүй байхад эрт тэтгэвэрт гаргасан байдаг. 1996 онд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах насны болзол хангаагүй гэх шалтгаанаар эдгээр иргэдийн тэтгэврийг зогсоож, нөхөн олговор олгох шийдвэр гарсан байдаг. Тухайн үед тэтгэвэр тогтоолгосон иргэдээс өнөөдрийн байдлаар 22 орчим мянган иргэн амьд, сэрүүн байна. Улсад ажилласан жил нь бага байгаа учир Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээд тэтгэвэр авч байгаа ч гэсэн тэтгэвэр нь бага байгаа учир эдгээр иргэдийн тэтгэврийг нэг удаа 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тооцохоор болсон” гэв.

Өндөр насны тэтгэврийг ямар нөхцөлд тогтоох вэ?

Өндөр насны бүрэн тэтгэвэр, хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэж байдаг. Даатгуулагч 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоох насанд хүрээд өөрөө хүссэн тохиолдолд бүрэн тэтгэвэр тогтоолгоно. Өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоох хэвийн болон хөнгөлөлттэй гэсэн олон төрлийн болзол, нөхцөл байдаг. Харин 20 жил хүрээгүй боловч 10-аас дээш жил шимтгэл төлсөн даатгуулагчид хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоон олгож болно.

Хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох нь

Олон хүүхэд төрүүлсэн эх, газрын доорх, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд, урлагийн, төмөр замын, цэрэгжүүлсэн, хамгаалалтын зэрэг өндөр насны тэтгэвэр тогтоох хөнгөлөлттэй нөхцлүүд байна. Ийм нөхцлөөр тэтгэвэр тогтоолгож байгаа даатгуулагч нар 5-10 жилийн өмнө тэтгэвэрт гардаг. Өөрөөр хэлбэл ердийн нөхцлөөр эмэгтэй даатгуулагч 55 настай тогтоолгож байхад дөрөв буюу түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх болон хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан эмэгтэй 50 насандаа, халуун, хортой нөхцөлд ажилласан бол 45 насандаа өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгох боломжтой. Энэ нь ердийн тэтгэвэр тогтоолгож байгаа хүнээс 60-120 сарын өмнө тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг юм. Эрэгтэй даатгуулагчийн хувьд мөн олон төрлийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэврийг 5-10 жилийн өмнө тогтоолгоно

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.