Э.Бат-Үүлийг шүүх хуралд З.Энхболд БИЕЭР ОРОЛЦОХ хүсэлт гаргаж, хурал хойшиллоо
Өнгөрч оны зургаадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Харин тэрхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан байдаг. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг гүтгэлэг хэмээн үзсэн билээ. Өөрөөр хэлбэл, Хотын дарга асан Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан.
Улмаар хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, анхан шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн тул Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд дахин хандаад байсан юм.
Тэгвэл энэхүү хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.01.07/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдоод байсан юм. Гэвч хариуцагч талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргаж, түүнийг ирэх хүртэл хурлыг хойшлуулах хүсэлтийг гаргасан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн дээрх хурлыг энэ сарын 14-ны өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.