Коронавирусийн халдварыг амжилттай эмчилж буйн нууцаас
Хамгийн сүүлийн мэдээллээр, Covid-19
вирусийн халдварын улмаас дэлхийн 11 улсад 3287 хүн амь насаа алджээ. Үүний
сацуу коронавирусийн халдвар авсан нь албан ёсоор батлагдсан 50 мянга гаруй хүн
бүрэн эмчлэгдэж эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 15 хоногийн хугацаанд
эмчлэгдээд гарсан өвчтөнүүдийн тоо нь шинээр халдвар авсан хүмүүсийн тооноос
давсан хэвээр.
Хэдийгээр эрдэмтэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа боловч коронавирусийн эсрэг вакциныг өнөөдрийг хүртэл гарган авч чадаагүй ба ойрын саруудад шинэ вакциныг эмчилгээнд нэвтрүүлнэ гэсэн хэтийн төлөв харагдахгүй байна.
АНУ болон бусад хэд хэдэн орны компаниуд хулгана, далайн гахай дээр туршилт хийж байгаа бөгөөд 4 дүгээр сараас нааш хүн дээр туршиж эхлэхгүй бололтой. Шинэ вакцины үр дүнг баталгаажуулах, хүнд суртлын олон шат дамжлагаар албан ёсны зөвшөөрлийг авах гэсээр байтал оны эцэст л коронавирусийн вакцин эмчилгээнд нэвтрэх болов уу.
Гэтэл өвчтөнүүдийг олноор нь амжилттай эмчилж чадаад байгаагийн нууц чухам юунд байна вэ?
Арбидол
Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш маш олон төрлийн эмүүдийг эмчилгээнд туршин хэрэглэж байгаа ажээ. Эдгээр нь ихэнхдээ тухайн өвчний эсрэг бус харин шинж тэмдгийг нь арилгах зориулалттай эмүүд юм. Гэтэл Covid-19 вирусийн халдварын үед ямар ч онцгой шинж тэмдэг илэрдэггүй учраас уг өвчин нь уушигны үрэвсэлд хүргэдэг ханиад, хатгалгаа зэрэг вирусийн гаралтай амьсгалын замын бусад өвчнөөс бараг ялгардаггүй.
Өвчтөнүүдийн ихэнхийнх нь хувьд, халуурах, биеийн байдал нь ерөнхийдөө сулрах шинж тэмдгүүд илэрч байсан бол тэдний 60 хувь нь хуурай ханиалгаж байжээ. Халдвар авсан гурван хүн бүрийн нэгэнд нь булчин өвдөх, амьсгалахад хүндрэлтэй болох зовиурууд мэдрэгдэж байсан ба тухайн шинж тэмдгүүд халдвар авснаас хойш 5 дахь хоног дээр илэрч байжээ. Харин толгой өвдөх, хоолой өвдөх гэх мэт зовиур цөөн тооны өвчтөнд мэдрэгдсэн байна.
2 дугаар сарын дундуур анагаах ухааны "Lancet" сэтгүүлд Хятадын хэсэг эрдэмтдийн бичсэн захидал нийтлэгджээ. Эдгээр эмч нар ханиалгах, салхинд цохиулах, хоолой өвдөх гэх мэт зовиуртай өвчтөнүүдийг эмчлэх эмчилгээний тусгай аргыг боловсруулсан байна. Тэд өвчтөнүүдийн цусны ерөнхий шинжилгээг хийж, цээжний хөндийн рентген зургийг авсныхаа дараа вирусээр үүсгэгддэг уушигны хатгалгаа өвчин ба коронавирус байгаа эсэхийг тогтоодог аж.
Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд ердийн антибиотикууд болох азитромицин эсвэл амоксициллинийг өвчтөнд бичиж өгнө, харин эерэг гарвал түүнийг тусгаарлаж, фторхинолонам болон арбидолоор эмчилж эхэлдэг байна.
Харин цусан дахь хүчилтөрөгчийн агууламж 93 хувиас буурч, өвчтөний биеийн байдал хүндэрсэн тохиолдолд немоноксацин ба нийлэг антибиотик болох линезолидийг эмчилгээнд нэмэлтээр хэрэглэдэг. Линезолидийг гол төлөв резистент халдварын үед хэрэглэдэг аж.
Туршилтын эмчилгээ
Дээр дурдсанчлан, эдгээр эмүүд нь
зөвхөн өвчний ерөнхий шинж тэмдгүүдийг арилгах зориулалттай билээ. Харин Covid-19
вирусийн халдварыг эмчлэх тусгай арга одоог хүртэл бий болоогүй ба уг аргыг нээх
судалгааны ажил ид явагдаж байна.
2 дугаар сарын дундуур Хятадын эмч нар хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд өргөн хэрэглэдэг хлорохин гэдэг эм нь коронавирусийн эсрэг тэмцэхэд үр дүнтэй болохыг олж нээсэн байна. Уг эмийг Covid-19 вирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчлэх эмчилгээний албан ёсны заавар, удирдамжинд оруулахаар төлөвлөж байна.
Түүнээс гадна, өөр хэд хэдэн
төрлийн эмийг эмчилгээнд ашиглах клиник туршилтууд явагдаж байгаа аж.
Тэдгээрийн нэг нь умифеновир буюу арбидол бөгөөд уг эм коронавирусийн халдварын
эсрэг ямар үр нөлөөтэй вэ гэдгийг тогтоохоор эрдэмтэд ажиллаж байна.
Түүнчлэн эмчилгээнд ашиглаж
болохоор өөр хоёр төрлийн эм бий. Эдгээр нь ДОХ-ын халдвартай өвчтөнүүдийг
эмчлэхэд хэрэглэж буй лопинавир болон Эбола, Марбургийн вирусийн халдварыг
эмчлэх зорилгоор гарган авсан ремдезивир юм.
Тун хүнд байгаа өвчтөнүүдийг аврахын тулд Хятадын эмч нарын хэрэглэж буй сүүлчийн арга бол эмчлэгдээд эдгэсэн хүмүүсийн цусны плазмыг өвчтөнүүдэд сэлгэн тарих явдал юм. Ийм аргыг ашиглан 2003 онд САРС өвчний хүнд үедээ орсон хүмүүсийг нэлээд амжилттай эмчилж байсныг дурдах нь зүйтэй. Ийм учраас уг тариаг Эбола вирусийн халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд хэрэглэхийг ДЭМБ 2014 онд зөвшөөрсөн бол жилийн дараа Ойрхи Дорнодын МERS вирусийн халдварыг эмчлэхэд ашиглахыг мөн зөвшөөрчээ.
Хятадын уламжлалт анагаах ухаан
Коронавирусийн халдвар авсан нийт тохиолдлын 85 гаруй хувь нь Хятад улсад бүртгэгджээ. Тус улсад тусгаарлагдсан бүх өвчтөнийг эмчлэхдээ ердийн эмнүүдээс гадна Хятадын уламжлалт анагаах ухааны эмүүдийг хэрэглэсэн байна. Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны мэдээллээр, Covid-19 вирусийн халдвар авсан 60 мянга гаруй хүнд Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийжээ.
Хятадын хэвлэлүүдэд бичиж
байгаагаар, орчин үеийн ба уламжлалт анагаах ухааны эмчилгээг хослуулан
хийлгэсэн өвчтөнүүд зөвхөн “ердийн эм” ууж байсан хүмүүстэй харьцуулахад илүү
түргэн эдгэрч байсан гэнэ. Жишээ дурдахад, Ханжоу хотод маш хүнд байдалтай эмнэлэгт
хүргэгдсэн 88 настай эмэгтэйг бүрэн эмчилж чадсан байна.
Коронавирусийн халдварыг эмчлэхэд чиглэсэн Хятадын уламжлалт анагаах ухааны аргыг Гуанжоу хотын 8-р ардын эмнэлэгт боловсруулсан бөгөөд уг аргыг хэрэглэх зөвшөөрлийг Гуандун мужийн Шинжлэх ухаан, технологийн яамнаас олгожээ. Ханжоу хотын Халдварт өвчин судлалын эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны тасгийн эрхлэгч Ю Зяньхуа-гийн ярьснаар бол, тус эмнэлгийн өвчтөнүүд уламжлалт анагаахын хоёр төрлийн эм хэрэглэдэг бөгөөд нэг эм нь цэр ховхолдог бол нөгөө нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ажээ.
Covid-19 вирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчлэхдээ үндсэн эмчилгээтэй хавсран Цинфей пайду (Qingfei Paidu) гэдэг усан эмийг уулгах нь маш их үр дүнтэй гэж Бээжин хотын нэгэн эмнэлгийн ерөнхий эмч Ван Ронбин онцлон зөвлөснийг Синьхуа агентлаг уламжиллаа. Уг эмийн найрлагад хятад зээргэнэ, чихэр өвс зэрэг ургамлууд ордог байна.
Б.Адъяахүү
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.