Инчён дээр монгол иргэд дахин үймээн үүсгэвэл транзит нислэгийг зогсооно гэжээ

Инчён дээр монгол иргэд дахин үймээн үүсгэвэл транзит нислэгийг зогсооно гэжээ

Өнгөрсөн хугацаанд 22 удаагийн тусгай үүргийн нислэг болон авто замаар нийт 10,020 иргэнийг татаж аваад байна. Зургадугаар сард төлөвлөөд байсан найман удаагийн нислэгийн тоог нэмэгдүүлэн, Зүүн өмнөд Азид байгаа иргэдийг татаж авах тусгай үүргийн транзит нислэгийн зургадугаар сарын 20-ны өдөр Сөүл хот руу хийхээр болсон. Ингээд энэ сард нийт есөн удаагийн нислэгээр 2,300 иргэнийг татаж авахаар боллоо.

Мөн Шуурхай штаб өнгөрсөн өдрүүдэд энэ сарын 17-ны өдрийн буюу Хойд Америк, Америкийн чиглэлээр ирэх транзит зорчигчдын нэрсийг баталгаажууллаа. Зургадугаар сарын 18-ны Сөүлийн нислэг, 20-ны транзит нислэг болон 24-нд Монголд газардах Сиатлын нислэгийн зорчигчдын нэрсийг эцэслэн баталгаажуулж дуусаж байна.

БНСУ өмнө нь Монгол улсын иргэдийг транзитаар хүлээж авахгүй шийдвэр гаргаад байсан. Үүний дагуу Гадаад хэргийн яам Солонгосын Элчийн сайдын яам, Солонгосын Хууль зүйн яамтай дипломат шугамаар харилцаад, яриа хэлэлцээр хийсний үр дүнд Солонгосын тал албан ёсны зөвшөөрөл ирүүлсэн.

Энэ яриа хэлэлцээний үеэр Солонгосын талаас Монгол иргэд Инчён онгоцны буудал дээр тусгай үүргийн нислэг хийх тохиолдолд замбараагүй байдал гаргаж, жагсаал цуглаан хийж байна гэсэн гомдол ирсэн. Энэ асуудлыг иргэддээ анхааруулахыг хүсэж, хэрвээ энэ байдал үргэлжлэх аваас дараа дараагийн тусгай үүргийн нислэг хийхэд хүндрэлтэй байна гэдгийг онцолсон. Солонгост байгаа иргэд иймэрхүү үйлдэл гаргахгүй байхыг уриалж байна.

Хилийн чанадад хүндрэлтэй нөхцөл байдалд орсон иргэдийн талаар тусгай үүргийн нислэг хийж эхэлснээс хойш судалгаа хийж эхэлсэн. Туркт байгаа иргэд хүнд нөхцөл байдалд байгаа тул, хамгийн эмзэг бүлэгт байгаа 580 гаруй иргэнд 7-10 хоногийн хүнсний нөөцийн туслалцаа үзүүлж байна.

Эх орондоо ирсэн хүмүүсийг хасаад, нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог дахин нягтлан үзэхэд энэ тоо бууран, 10,826 болсон байна. 34 улсаас иргэдийг татаж аваад байна. АНУ-д байгаа хоёр мянга орчим иргэд хүсэлт гаргасан гэдэг нь бусад бүс нутагтай харьцуулахад өндөр байгаа учир энэ удаагийн транзит нислэгт зөвхөн Хойд Америк, Канадын 250 орчим  хүнийг хамруулсан. Сиатлыг оролцуулан нийт 450-500 орчим иргэд АНУ-аас энэ өдрүүдэд ирнэ. Санхүүгийн асуудалтай, байргүй болчихсон олон залуу оюутнууд, ганцаараа байгаа бага насны хүүхдүүдийг түлхүү авчирна. Хүүхдүүд дээрээ очсон, байр хоолтой ахимаг насны хүмүүсийг энэ удаад орхисон.

Тусгаарлах байранд байгаа иргэдийн санал өгөх эрхийн талаар УОК-оос СЕХ болон ХЭҮК-т албан ёсоор хандсан. УИХ-аас баталсан коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай нэг удаагийн хуульд заасан үндэслэлийг харгалзан, Үндсэн хуулиар иргэнд олгосон тодорхой эрхийг хязгаарлах зохицуулалтыг хийх боломжтой учир тусгай нислэгээр ирэх иргэдээс энэ талаар зөвшөөрлийг нь авч, гарын үсэг зуруулж байгаа. Урьдчилсан тооцоогоор 1,300-1,500 орчим сонгуулийн насны иргэн саналаа өгөх боломжгүй болж байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.