Буриадын тэргүүн Монгол руу тавих хийн хоолой амархан бүтэхгүй гэв

Буриадын тэргүүн Монгол руу тавих хийн хоолой амархан бүтэхгүй гэв

ОХУ-ын Буриадын тэргүүн Алексей Цыденов YouTube сувгаар ард иргэдийнхээ асуултад шууд хариуллаа.

“Буриад хэдэн онд байгалийн хийгээр бүрэн хангагдах вэ” гэсэн асуултад тэрбээр “Энэ асуултад хариулж өгсөн хүний гарыг  барьж, талархмаар байна” гэж хариулсан байна.

Мөн “Буриадыг байгалийн хийгээр хангах Холбооны хэмжээний хоёр төсөл байгаа. Эхнийх нь ОХУ-аас Хятадад хий нийлүүлэх “Сибирийн хүч-2” хоолойтой холбоотой. Жилд 50 тэрбум метр куб байгалийн хий дамжуулах хүч чадалтай  хоолойг Монголоор дамжуулан барьж магадгүй байгаа. Тэгвэл бид энэ хоолойноос байгалийн хий авч, Буриадаа хангах боломжтой. Гэхдээ энэ төсөл хэзээ бүтэхийг хэлж мэдэхгүй.

Хоёр дахь төсөл нь ОХУ-ын Засгийн газар, “Газпром” компанитай бүх мужаа хийгээр хангах хөтөлбөр боловсруулж байгаа. Энэ хөтөлбөрт Буриад хамрагдах боломж бий.

Энэ хоёр төслөөс харахад бид хэзээ байгалийн хийтэй болох нь тодорхойгүй.  Монголоор дамжуулах байгалийн хийн хоолойн төслийг бүрэн боловсруулаад дараа нь барина. Тэгээд тэр хоолойнд Буриадад нийлүүлэх хийн хоолой залгана. Их удна. Байгалийн хийг үнэгүй эрчим хүч гэж ойлгож болохгүй. Зарим газарт нүүрснээс үнэтэй ч байж магадгүй. Тэгэхээр байгалийн хийтэй болох нь гол биш, тэр хий нь хямдхан байх нь чухал юм” гэж ярьжээ.

Буриад байгалийн хийтэй болох гэж олон жил хөөцөлдөж байгаа. 2008 онд Газпромтой хамтран ажиллах гэрээ байгуулсан ч Газпром зардлаа тооцож үзээд Буриадад хоолой барихаас татгалзаж байв. Хүн ам цөөхөн Буриадад 60 тэрбум рублийн зардал зарахгүй гэж тус компаниас мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.