Швейцарын прокуророос С.Баярцогт, Б.Дэлгэрсайхан нарыг шалгаж байна
УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн хоёр улстөрч Швейцарын прокурорт хэрэг нь шалгагдаж, ял сонсож магадгүй байгаа тухай “Swiss Info” цахим хуудас мэдээлжээ.
Швейцарын прокурорт шалгагдаж буй хоёр улстөрчийн нэг нь өдгөө 461-р хорих ангид саатуулагдаж буй С.Баярцогт, нөгөө нь УИХ-ын сонгуульд 11 дүгээр тойргоос нэр дэвшиж, ялалт байгуулсан Б.Дэлгэрсайхан нар аж.
Тэд чухам ямар шалтгаанаар шалгагдах болсон бэ гэвэл 2007-2008 оны үед нэр нь үл мэдэгдэх хятад хөрөнгө оруулагчаас их хэмжээний мөнгө шилжиж ирсэн явдал аж. Оюутолгойн гэрээг байгуулах үйл явц тухайн цаг үетэй давхацдаг. Тухайн үед Цюрихын банканд бүртгэлтэй Б.Дэлгэрсайханы дансанд нэр нь үл мэдэгдэх хятад хөрөнгө оруулагчаас 45 сая ам.доллар орж иржээ. Үүнээс 8.2 сая еврог нь “Креди Сүис” банкны С.Баярцогтын дансанд шилжүүлсэн байдаг аж.
Чухамдаа энэ их хэмжээний мөнгө нөлөө бүхий улстөрчдийн дансанд шилжиж байхад Оюутолгойн гэрээ байгуулах үйл явц өрнөж байсан учраас Швейцарын прокурорын газар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Оюутолгойн гэрээ байгуулах асуудал нь зөвхөн Монгол Улсын асуудал бус үндэстэн дамнасан корпорац оролцсон хэрэг учраас асуудал ийнхүү өндрөө авчээ.
С.Баярцогтын дансанд их хэмжээний мөнгө шилжсэн тухай мэдээлэл 2013 онд оффшор дансны мэдээлэл ил болоход нийтэд дэлгэгдэж байсан. Түүний мэдээлэл ил болох үед асуудлыг дарах зорилгоор Б.Дэлгэрсайханы данс руу 2.1 сая швейцар франк буцаан шилжүүлэхэд Шейцарын хуулийн байгууллагууд энэ гүйлгээг анзаарч, мөрдөн шалгах болсон аж.
Улмаар одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сард Швейцарын холбооны прокурорын тамгын газар мөнгө угаасан гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн юм.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн учир Цюрихын банкан дахь Б.Дэлгэрсайханы дансыг царцаасан байна. Харин Б.Дэлгэрсайхан үүнийг эсэргүүцэн, дансаа эргэж сэргээхээр Швейцарын холбооны Дээд шүүхэд хандсан ч 2018 онд хэрэгсэхгүй болгожээ.
Хамгийн ноцтой нь зөвхөн дээрх хоёр улстөрчөөс гадна өөр нэгэн хүний нэр холбогдож эхэлсэн тухай Swiss Info цахим хуудаст мэдээлжээ. Түүгээр ч үл барам 2020 оны дөрөвдүгээр сард Б.Дэлгэрсайханыг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх шинэ зүйлчлэл нэмсэн байна.
Эх сурвалж: Swiss Info
https://zindaa.mn/3alv
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.