БНСУ-аас ирэх иргэдэд анхааруулав
БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авахтай холбогдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ энэ сарын эхний хагаст Сөүл-Улаанбаатар чиглэл тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх иргэдэд анхааруулга хүргэлээ.
Анхааруулгад, эх орондоо ирэх иргэд тусгаарлах байранд 21 хоног байх байр, хоолны зардал хоногийн 50.000 төгрөг буюу нийт 1.060.000 төгрөг, 5 хүртэлх насны хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30.000 төгрөг буюу нийт 640.000 төгрөгийг ОБЕГ-ын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байхыг анхааруулллаа. Төлбөр хийхдээ тухайн иргэн регистрийн дугаар, овог, нэр болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичнэ.
Иргэд нисэх онгоцонд суухаас өмнө 48 цагийн дотор "COVID-19"-ийн халдварын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, өөрт авч явах.
БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэн сайн дураараа нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийнхаа Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтайг мөн анхааруулжээ. Хэрэв ГИХГ-т бүртгүүлж амжаагүй тохиолдолд Инчөн олон улсын нисэх буудалд ажиллах ЭСЯ-ны ажилтанд бүртгэл эхлэх үед хандахыг зөвлөлөө.
Долдугаар сард хийгдэх нислэгийн хуваариар 7 дугаар сарын 7 болон 15-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр БНСУ-д байгаа иргэдээ татан авах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.