Буриад, Урианхай сурын харваанд Б.Пунсалдулам, Э.Хосбаяр нар түрүүллээ
Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадам XIII зуун цогцолбор газарт өчигдөр/2020.07.10/ урианхай болон буриад сурын харваагаар эхэлсэн юм.
Буриад сурын харваа
Буриад сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн харьяат, морин хуурч, нум урлаач, үндэсний сурын спортын мастер Х.Баасандорж 64 сумаас 60 онон түрүүлж, улсын мэргэн цол хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний сурын улсын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 64 сумаас 59 онон түрүүллээ.
Б.Пунсалдуламын хувьд спортын мастер Б.Жалбаагийн шавь бөгөөд 2016 онд улсын их наадмын үндэсний сурын харваанд түрүүлж, улсын мэргэн цол хүртэж байсан юм. Харин энэ жил буриад сурын харваанд түрүүлснээр үндэсний сур болон буриад сурын улсын мэргэн боллоо.
Урианхай сурын харваа
Энэ өдөр буриад сурын харваатай зэрэгцэн урианхай сурын харваа зохион байгуулагдсан. Энэ жилийн улсын их баяр наадмын урианхай сурын харваанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Жаргалант сумын харваач, спортын мастер Эрхэмбаярын Хосбаяр түрүүллээ. Тэрбээр 21 оноогоор түрүүлэх болзол ханган, урианхай сурын улсын мэргэн цол хүртсэн юм.
Харин хоёрдугаар байрт Завхан аймгийн Тэс сумын харьяат “Мондэ” багийн харваач, улсын мэргэн Б.Хатансайхан, гуравдугаар байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, “Мондэ” багийн харваач Урианхай сурын мэргэн Ж.Мягмар, дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, улсын хошой мэргэн Батзориг тус тус шалгарчээ.
Өнөөдөр /долдугаар сарын 11-ний өдөр/
Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг 08.30-12.00
Үндэсний сурын харвааны нээлт 11.40-12.40
Үндэсний сурын хана харвааны дунд өрөг 13.00-16.00
Үндэсний сурын хана харвааны адаг өрөг 16.00-17.30
Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг 17.30-20.30
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.