Далай лам: Бид эх дэлхийгээ хайрлан хамгаалахын тулд нэг хүн шиг байх хэрэгтэй

Далай лам: Бид эх дэлхийгээ хайрлан хамгаалахын тулд нэг хүн шиг байх хэрэгтэй

 Америкийн “TIME” сэтгүүлд Далай ламын саяхан өгсөн ярилцлагаас найруулан бичсэн эсээг та бүхэнд хүргэж байна.

Эх дэлхий бол бидний цорын ганц орон гэр. Дэлхийн дулаарал цөөн хэдэн арван жилийн дотор олон усны нөөцийг ширгээх хэмжээнд хүрч болзошгүйг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс байгаль экологио хамгаалах, дэлхийн дулааралтай тэмцэх нь хамгийн чухал асуудлуудын нэг болоод байна.

Жишээлбэл, миний эх орон Төвөд бол Азийн цэвэр усны үндсэн эх үүсвэр юм. Пакистаны Индус, Энэтхэгийн Ганга, Брахмапутра, Хятадын Шар мөрөн зэрэг голууд болон Меконг гол нь Төвөдийн өндөрлөгөөс эх авдаг. Тиймээс бид Төвөдийн экологийг хамгаалахад илүү их анхаарал хандуулах хэрэгтэй. Энд зөвхөн Төвөдийн зураан сая иргэний ашиг сонирхол бус тус бүс нутгийн бүх оршин суугчийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа юм. Би өмнө нь Афганистаны дээгүүр нисэх онгоцтой өнгөрөхдөө нуур, голууд хэдийн ширгэж эхэлснийг ажигласан. Тухайн үед надад Төвөд ч гэсэн удахгүй ийм болох юм шиг санагдаж байсан юм. Төвөдийн улс төрийн асуудлуудын тухайд бол би хэдийн тэтгэвэртээ гарсан. Харин Төвөдийн экологи, асар баян соёлын хувьд бол би өндөр үүрэг хариуцлага хүлээсэн хүн.

Хүн төрөлхтөн бид гайхамшигтай хийгээд гоц оюун ухаантай. Гэвч бид эх дэлхийнхээ хамгийн том дайсан нь болчихоод байна. Бид яг одоо өөрсдийн тархиа энэрэх сэтгэл, санаа зовних мэдрэхүйтэйгээр ашиглах хэрэгтэй байна. Хүний үнэ цэнийг гүн гүнзгий сурталчлахад миний хүлээсэн үүргүүдийн нэгээхэн хэсэг нь оршдог нь үүнтэй холбоотой юм.

Бид төрснөөсөө өгсүүлээд бусдаас, ялангуяа ээжээсээ хамааралтай байдаг. Дараа нь хувь хүн бүрийн оршин тогтнох нь бүхэлдээ нийгмээс хамаарч эхэлдэг, ийм учраас бид нийгмийн амьтан юм. Нийгэм бол бидний аз жаргалын эх үүсвэр учраас бид нийгмээ асран хамгаалах ёстой. Энэ цаг үед, орчин үед хүн төрөлхтний тухай ойлголт нь нэг нийгэм болсон. Зүүн, баруун, хойд, өмнөд хаана ч байсан хүн бүхэн харилцан хамааралтай. Оршин үеийн эдийн засагт улсын хил хязгаар байхгүй болсон. Ийм учраас одоо долоон тэрбум хүн төрөлхтөнд нэгдмэл байх мэдрэхүй шаардлагатай байна. Өнгөрсөн цаг үед, бид үндэс угсаа, шашин шүтлэг гэх мэт ялгаатай байдалдаа ихэд анхаарсны улмаас олон асуудлыг үүсгэсэн. Харин одоо, орчин цаг үед энэ үзэл бодол үеэ өнгөрөөгөөд байна. Бид хүн төрөлхтөн хийгээд бүхий л дэлхийнхээ төлөө санаа бодлоо чилээх хэрэгтэй байна.

Бид эрдэмтэд, мэргэжилтнүүдийн үгийг сонсох ёстой байна. Тэдний дуу хоолой, тэдний мэдлэг маш чухал. Шүтлэгтэй хүмүүсийн хувьд ч гэсэн үргэлж залбирал, залбирал гэхээс илүүтэйгээр эрдэмтдийн хэлж буй үгийг ч мөн сонсох хэрэгтэй. Төвөдүүдийн дагаж мөрддөг эртний Наланда уламжлалд бүх зүйл шалгагддаг, дан ганц хувь тавилангаар хүлээн зөвшөөрөгддөггүй гэж үздэг. Хэрэв бид учир шалтгааныг сайтар судалвал зарим нэг зөрчилдөөнийг олж харна, Буддагийн хэлсэн үгнээс хүртэл, дараа нь бид тэдгээрээс татгалзах эрхтэй болно. Би бага балчир наснаасаа эхлээд маш олон маргааныг үзэж өнгөрүүлсэн. Бидний бодол санаа хувь тавиланд бус оюун дүгнэлтэд тулгуурладаг.

Будда өөрөө ордонд бус нэгэн модны дор мэндэлсэн. Тэрбээр мөн Бодь модны дор гэгээрлийг олсон. Мөн таалал төгсөхдөө ч гэсэн модны дор байсан. Борооны улирал буцах үед бидний дагаж мөрддөг дүрмүүдийн нэг нь ногоон өнгийн юм бүхнийг тасдахгүй байх явдал байдаг. Энэ нь Будда өөрөө ч мөн адил ногоон ургамал бүхэнд ач холбогдол өгдөг байсныг харуулж байна.

Цаг, минут, секундээр урсан өнгөрөгч цаг хугацаа хэзээ ч зогсдоггүй. Бид бол байгалийнхаа нэгээхэн хэсэг нь юм. Хэдийгээр өнгөрсөн цаг хугацаа чухал боловч хэдийн өнгөрчихсөн шүү дээ. Харин ирээдүй бидний гарт байна, ийм учраас бид экологийн асуудлыг дэлхийн түвшинд бодолцож үзэх хэрэгтэй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.