Сайд Л.Халтар АХБ-ны Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг хүлээн авч уулзав
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа.
Сайд Л.Халтар уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банкны олон жилийн хамтын ажиллагааны талаар дурдаад, Монгол Улсын дэд бүтцийн салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн цаашид зам, тээврийн салбарт олон чухал төслийг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ.
Энэхүү уулзалтаар АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын хэрэгжилтийн явц байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
Дэлхий нийтээр тархаад буй Ковид-19 өвчний нөхцөл байдал нь төслийн зам барилгын ажилд ихээхэн хүндрэл учруулж байгаа хэдий ч төслийн гүйцэтгэгч байгууллагууд шинэчилсэн ажлын төлөвлөгөө батлуулан, барилгын ажил хоцрогдолтой байгаа зарим хэсэгт дотоодын туслан гүйцэтгэгчдийг дайчлан, ажлаа урагшлуулж байгааг онцлов.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд их засвар, шинэчлэлт хийхээр тусгагдсан бөгөөд тус чиглэлийн авто замд АХБ-ны санхүүжилтээр 1998-2000 онд их засвар хийснээс хойш огт засвар хийгдээгүй юм.
Эх сурвалж: ЗТХЯ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.