ОХУ ирэх сараас олон улсын нислэгээ сэргээнэ
ОХУ ирэх наймдугаар сарын 1-нээс олон улсын нислэгээ сэргээнэ гэж тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин баасан гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлжээ.
“Олон улсын нислэгийг сэргээхээр болсон хэдий ч цар тахлын нөхцөл байдал, өвчлөлийн түвшин, хоёр талын зарчмуудыг харгалзан үзнэ” гэж тэрбээр хэлээд, Москва хот, Москва муж, Санкт-Петербург хот, Дон дахь Ростов хотын нисэх буудлуудаас нислэг үйлдэнэ гэж тодруулан хэлсэн байна.
Энэхүү шийдвэр нь хилийн чанад дахь Оросын иргэдийг эх орондоо эргүүлэн авчрах үйл ажиллагааг мөн эрчимжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэжээ. ОХУ шинэ коронавирусний цар тахлын улмаас өнгөрсөн гуравдугаар сарын 27-ноос тогтмол болон тусгай үүргийн олон улсын нислэгийг бүрэн зогсоосон бөгөөд агаарын тээврийн компаниуд зөвхөн иргэдээ татан авах нислэгүүдийг үйлдэж байсан юм.
Шадар сайд Татьяна Голиковагийн мэдээлснээр, ОХУ Их Британийн нийслэл Лондон, Туркийн хэд хэдэн хот, Танзанийн Занзибар зэрэг хот руу нислэгээ сэргээх ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.