Хилийн зурваст гацсан монгол иргэнээ хил нэвтрүүллээ

Хилийн зурваст гацсан монгол иргэнээ хил нэвтрүүллээ

 Чех улсаас 25 хоногийн турш замын унаагаар явж ОХУ-ын хилээр орж ирсэн монгол эмэгтэйг Алтанбулаг боомтоор оруулаагүй талаар мэдээ өчигдөр гарсан. Тэгвэл уг иргэнийг өнөөдөр УОК-оос хил нэвтрүүлэхээр болжээ. 

Энэ талаар УОК-ын шуурхай штабаас тодруулахад, Тухайн иргэнийг өнөө өглөө улсын хилээр нэвтрүүлэхээр болсон. Гэхдээ онцгой дэглэмийн үед улсын хил нээж, хүн оруулж гаргах нь тодорхой хууль, дүрэм, журамтай. Хил дээр дураараа ирээд орж гарах боломжгүй. Тиймээс цаашид иргэд энэ мэтээр нутаг буцах боломжтой гэсэн жишиг тогтчихвий гэсэн болгоомжлол байна" хэмээв.

Хилээр орж буй эмэгтэй нь 25 хоногийн турш ачааны машинаар 7800 гаруй км зам туулж ОХУ-ын хилээр гарчээ. Харин Монгол Улсын хилийн Алтанбулаг боомтоор түүнийг хууль, журмын дагуу оруулахгүй гэсэн шаардлага тавьсан. Тэрээр буцаж ОХУ руу гарах гэсэн ч нэвтрүүлээгүй аж. Тиймээс хилийн дундын зурваст гацсан монгол иргэнээ манай улс хүлээн авахаас өөр аргагүй болжээ.

COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлж Монгол Улс хилийн боомтуудаар зорчих хөдөлгөөнөө хаасан. Зөвхөн УОК-т нутаг буцах хүсэлтээ өгсөн иргэдийг нэгдсэн журмаар улсын хил нэвтрүүлж 21 хоног тусгаарлаж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.