Цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч нарт сэрэмжлүүлэг гаргалаа
Сүүлийн гурван жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 149 хүүхэд/2017 он - 55, 2018 он - 45, 2019 - 49, 2020 оны эхний 7 сарын хагас жилд-29/ нас баржээ. Мөн хөдөө, орон нутагт хүүхэд малаа хариулах болон ахуйн хэрэгцээнд мотоцикл унаж осолдох, мориноос унаж, чирэгдэж амь насаа алдах явдал гарч байна.
Түүнчлэн урин дулааны улирлын үeд хүүхэд гудамж, талбай, орон сууцны гадна тоглох, эцэг эхчүүдийн хамт нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, амралт, жуулчны газар, гол ус болон бусад газар аялал, зугаалгаар явах нь нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдэд тавих хараа хяналт суларч, улмаар хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй байна.
Эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт дутмаг, хайхрамжгүй байдлаас шалтгаалан энэ оны эхний 7 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 29, гол усанд живж 10, ухсан нүх шуудуунд унаж 5, өндрөөс унаж 11, гадны биетэд цохиулж, дарагдаж 2, халуун ус, галд түлэгдэж 5, мориноос унаж 8 хүүхэд амь насаараа хохирчээ.
Иймд цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, суудлын бүсийг бүслүүлж, хурд хэтрүүлэхгүй, дүрмийг баримтлах.
- Ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулан хараа хяналтаа дээшлүүлэх, тогтмол анхаарах.
- Хүүхэд өндрөөс унаж гэмтэх эрсдэл их гарч байгаа тул цонх, тагтны хаалтыг хийх, түгжих, анхааруулах, сэрэмжтэй байх.
- Гэр хороолол, гудамж талбайд хүүхэд бэртэж гэмтэх, жорлон, ухсан нүх, шуудуунд унах, гадны биетэд цохиулах эрсдэлтэй байгаа тул болгоомжил.
- Хүүхэд гол усанд живж амиа алдахаас урьдчилан сэргийлж, эцэг эхчүүд хүүхдэд тавих хяналтаа дээшлүүлэх, тогтоол ус, нуур, цөөрөм, голоос хол тоглуулах, хийлдэг завь ашиглахдаа анхаарах шаардлагатай байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.