УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг ДАВАА ГАРАГТ шүүнэ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг ДАВАА ГАРАГТ шүүнэ

Нийслэлийн прокурорын газраас Б.Ундармаа /УИХ-ын гишүүн асан/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт 2020 оны тавдугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны зургаадугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшилсон. Улмаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг товложээ. Тодруулбал, түүнийг энэ сарын 10-ны өдөр буюу ирэх даваа гарагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэм бурууг нь дэнсэлнэ.  

Улс төрд нөлөө бүхий этгээд нийтийн албан тушаалтан болох Б.Ундармаа нь Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Батзориг, Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн А-147 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцсон гэмт хэрэгт яллагдсан.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.