БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудад сэрэмжлүүлэх нь:
БНСУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол гурав хоног дараалан /Баасан 166, Бямба 267, Ням 197/ 3 оронтой тоогоор огцом нэмэгдээд байна. Шинээр илэрсэн тохиолдлын дийлэнх буюу 95-иас дээш хувь нь дотооддоо тархсан халдвар, түүний дотор Саранжэйл сүмийн сүсэгтнүүдийн /312/ дунд тархсан халдварын тохиолдол эзэлж байна. Үүнтэй холбогдуулан нийслэл Сөүл, залгаа Генги мужид 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэмийн чангатгаж, нийгэмд зай барих дэглэмийг 1 дүгээр шатлалаас 2 дугаар шатлалд шилжүүлэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс нийслэл Сөүл хотод халдварын тохиолдол нэмэгдэх магадлал өндөр байгааг анхааруулж байна. Иймд, Иргэд амны хаалт зүүх, хоорондоо 2 метрийн зай барьж харилцах, гараа угаах, аль болох олон нийтийн газраар явахгүй байх, олноор цуглахгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих зэрэг хорио цээрийн журмыг үргэлжлүүлэн чанд сахиж, дараах зүйлийг анхаарна уу.
• Хорио цээрийн 2 дугаар шатлалд шилжүүлж байгаатай холбогдуулан гадуур холбогдох байгууллагуудын хяналт, шалгалт тогтмол хийгдэх тул олон нийтийн газраар явахгүй байх, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байх, хувийн болон албан уулзалт, цуглаан, аяллыг хойшлуулах, цуцлах.
• Халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт шуурхай хандах, ингэхдээ БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 дугаарт залгасны дараа “4” товчлуурыг дарж гадаадын иргэдийг хариуцсан ажилтантай холбогдож заавар, зөвлөгөө авна уу.
• ЭСЯ-ны консулын зарим үйлчилгээг шуудангаар болон цахимаар авах боломжтой. Халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс Сөүл, Генги мужид халдварын тархалт намжтал Консулын хэлтэст биеэр ирэхгүй байх, зайлшгүй шаардлагатай, нэн яаралтай бус бол иргэний бүртгэл, бичиг баримт захиалга, итгэмжлэл, нотариатын баталгаажуулалтыг түр азнахыг зөвлөж байна.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.