Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /2020.02.11/ хуралдана. Учир нь, өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж хэд, хэдэн шийдвэрийг гаргасан билээ. Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж эцэслэх юм.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНААС ГАРГАСАН ШИЙДВЭР:
-БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутнуудыг тээвэрлэж ирэхэд шаардагдах 53.000 ам.долларын зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргах
-БНХАУ болон шинэ коронавирусын халдварын голомт газраас ирсэн, сэжигтэй иргэдийг өвчний нууц үеийг дуустал тусгаарлах
-Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, Сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг явуулахгүй байх
-Сар шинийн баяраар иргэд хол зорчихгүй, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээндээ тэмдэглэхийг зөвлөх
-Хилийн боомтууд, галт тэрэг, нисэх буудлын нийт ажилчид, хил гаалийн нэвтрэх хэсэгт онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болгох түүнд шаардагдах төсвийг шийдвэрлэж ажиллах
-Галт тэрэг, хот хоорондын автобус, Улаанбаатар хот дахь нийтийн тээврийн хэрэгслийг байнгын ариутгал шинжилгээнд хамруулах, түүнд ажиллаж байгаа ажилчдыг хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоор хангах, хот хоорондын зам дагуух хоолны газруудын ариун цэвэр, ариутгалын ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг холбогдох байгууллагууд чиглэл чиглэлээр зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.