"Цахим гав"-ыг хэрэгжүүлснээр ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГ хэмнэнэ
Засгийн газрын өнөөдрийн /2020.09.16/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталлаа. Ингэснээр хорих зардал хоёр дахин буурна гэж тооцоолжээ. Үүнтэй холбогдуулан яг одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Одоогоос 2015 онд батлагдсан Эрүүгийн тухай хуулийн хэрэгжилтийг хоёр удаа хойшилж байсан. Тэрхүү хуулийг 2021 оноос хэрэгжүүлнэ. Тиймээс тооцоо, судалгааг хийж Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Энэхүү ял хэрэгжснээр хүн ажил эрхэлж, гэр бүлтэйгээ байх боломж бүрдэж байна. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэхүү ялыг онооно. Хүн амь, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүнд оноохгүй. Гагцхүү зам тээврийн осол, болгоомжгүй хүний биед халдсан зэрэг хүнд онооно. Улаанбаатар хотод мэдээллийн ганцхан төв ажиллана. Ойролцоогоор жилд 1080 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноодог судалгааг үндэслэсэн. Жишээ нь, оюутан хүн хөнгөн ял авлаа гэхэд энэ ялыг оноох юм. Өөрөөр хэлбэл, гэр сургуулийнх нь хооронд явах замыг нь татна. Хэрэв зааж өгсөн чиглэлээс гарсан тохиолдолд хорих ялаар солигдоно. Цахим гавыг хөл, гарт нь зүүнэ. Шүүх, шүүгдэгчийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж энэхүү ялыг сонгох байдлаар хуульчилж өгсөн. Энэхүү хуулийг хэрэгжүүлснээр улсын төсөвт 3 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт үүсэж байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.