Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д энэ сарын 20-22-нд айлчилна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын ГХ-ийн сайд С.В.Лавровын урилгаар 2020 оны 9 дүгээр сарын 20-22-нд ОХУ-д албан ёсоор айлчилна.
Энэ нь УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан шинэ Засгийн газрын гишүүний анхны гадаад айлчлал болох юм. Тэрбээр, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, тус услын парламент, Засгийн газрын гишүүдтэй уулзах аж.
2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсан. Гэрээг хоёр улсын парламент соёрхон баталсан батламж жуух бичгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар солилцоно. Ингэснээр тус гэрээ хүчин төгөлдөр болох юм.
Айлчлалын үеэр 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 ажил хийх талаар ярилцана. Мөн Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэх зорилгоор ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломж, хийн хоолойн асуудлаар хэлэлцэх аж. Түүнчлэн дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх, Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төслүүдийг урагшлуах асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах асуудлаар мөн ярилцахаар төлөвлөж байна.
Ташрамд дурдахад, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилсны дараа буюу өчигдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван халдвар хамгааллын дэглэмийг сахих үүднээс тусгаарлалтад орсон юм. Тэрбээр тусгаарлалтуус шууд ОХУ-ыг зорих бөгөөд ирээд мөн 21 хоног тусгаарлагдах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.