Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжсэн Санамж бичиг байгуулав

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжсэн Санамж бичиг байгуулав

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг спортоор хичээллүүлэх, бие бялдрыг нь хөгжүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх, сурталчилах, түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллахаар өнөөдөр гурван талт санамж бичиг байгуулав.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны байранд болсон уг уулзалтанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Биеийн тамир спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Монголын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Монголын дифлимпын спортын хорооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр, Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү нар оролцож гарын үсэг зурж батламжлав.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөгжүүлэх, урам дэм өгөх, бие бялдрыг эрүүлжүүлэх, нийгмийн харилцаанд оролцуулах, тэдний эрхийн талаар олон нийт, нийгэмд таниулах үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ийнхүү хамтран ажиллах санамж бичиг нь 2020-2024 онд хэрэгжих юм.  Санамж бичгийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажлыг танилцуулж байна. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спортын арга хэмжээнд оролцохыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг спортоор хичээллүүлэх юм. Мөн тэдний бие бялдрыг нь хөгжүүлэх, эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх, сурталчилах, түгээн дэлгэрүүлэх ажлыг хамтран зохион байгуулна.

Түүнчлэн, Монголын тусгай олимпын хороо, дифлимп, паралимпын хөдөлгөөн нэгдсэн спорт төрлүүдийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, гэр бүлийн гишүүн тамирчдыг дэмжиж, тэднийг чадавхижуулна. Тусгай олимп, паралимп, дифлимп, тивийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон Монгол Улсын тамирчдыг сурталчилах, алдаршуулахад хамтран ажиллах төлөвлөгөөг жил бүр боловсруулж, хэрэгжүүлэх юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.