Карантилагдсан “Diamond Princess” онгоцны зорчигчдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ
Японы Ёкохама хотын боомт дээр хорио цээрт ороод буй “Diamond Princess” тансаг зэрэглэлийн аяллын хөлөг онгоцноос эхний ээлжийн хүмүүсийг буулгаж эхэллээ. Эхний ээлжид коронавирусийн шинжилгээ нь сөрөг гарсан 80-аас дээш насны 10 хүнийг Саитама мужийн Вако хот руу шилжүүлжээ. Энэ насны ангилалд багтах нийт 200 гаруй зорчигч энэ хөлөг дээр байгаа бөгөөд зорчигчдын 80 орчим хувь нь 60-аас дээш насных гэнэ. Одоогийн байдлаар, тус хөлөг дээр 50 улс орны 3.6 мянга орчим зорчигчид байна.
Онгоц дээр халдвар авсан нийт 219 тохиолдол бүртгэгдээд байгаагаас нэг нь хорио цээрийн албаны ажилтан юм.
“Diamond Princess” нэгдүгээр сарын 20-нд Ёкохама хотоос гарч, Хонконгоор аялж, энэ сарын 3-нд буцаж ирснээс хойш карантинд ороод байгаа юм. Зорчигчдоос шинэ төрлийн коронавирусээр халдварласан Хятадын нэг иргэн нэгдүгээр сарын 25-нд Хонконгт буужээ. Хөлөг онгоц дээр энэ сарын 19-ныг хүртэл хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.
Одоогийн байдлаар, Японд улсад нийт 252 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс нэг хүн нас баржээ. Энэ нь тус улсад бүртгэгдэж буй анхны тохиолдол юм. Канагава мужид халдвар авсан 80 настай эмэгтэй нас барсан байна. Үүнтэй зэрэгцэн Вакаяма мужийн эмнэлгийн нэгэн эмч халдвар авсан болох нь тогтоогджээ. Түүний ажиллаж байсан эмнэлэг өвчтөн хүлээн авахаа түр зогсоогоод байна. Коронавирусийн халдвар авсан иргэдээс 12 нь Ухань хотоос дөрөвдүгээр ээлжийн тусгай онгоцоор иржээ.
Өнөөдөр Японы Ерөнхий сайд Абэ Шинзо шинэ төрлийн коронавирустэй тэмцэхэд зориулж 94 сая ам.долларыг нөөц хөрөнгөөс зарцуулах шийдвэр гаргажээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.