Б.Болороогийн нөхөр амиа алдсан хэргээр КОМПАНИЙН ЗАХИРАЛД ял оноолоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Болороогийн нөхөр Б одоогоос жил гаруйн өмнө лифтний хонгилд унаж, нас барсан.
Мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр түүний нөхрийг ажлын байран дээрээ архидан согтуурч, осолдож нас барсан хэмээсэн байдаг. Энэхүү дүгнэлтийн дараа Б.Болороогийн зүгээс төв талбайд суулт хийж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах, мөрдөн байцаалтыг дахин эхлүүлэх тухай шаардлага гаргасан бөгөөд албаныхан хэргийн шалгалтын ажиллагааг дахин эхлүүлсэн юм. Уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр хавтаст хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан билээ.
Тэгвэл өнөөдөр /2020.09.18/ шүүгдэгч "Хишиг арвин өргөө индустриал" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдоржид холбогдох хэргийн шүүх хурал болж, шүүхээс түүнд ял оноолоо.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Хишигдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Хишигдоржийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Б.Хишигдоржийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг талууд хоорондоо харилцан тохиролцсоныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.