Сэкивакэ Шодай анх удаа түрүүлж Эзэн хааны цом хүртлээ
Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 15 дахь өдрийн барилдаанд Сэкивакэ Шодай, Тобизарюү/М-14/-г цүкиотоши мэхээр давж 13 даваа, 2 унаатайгаар түрүүлж, Японы эзэн хааны цомыг анх удаа хүртлээ.
Сэкивакэ Шодай 29 настай бөгөөд мэргэжлийн сумогийн Макүүчи буюу дээд зиндаанд Юто /Uto/ мужаас 57 жилийн дараа түрүүлсэн бөхөөр Шодай Наояа ийнхүү тодорлоо. Намрын барилдаанд гэмтлийн улмаас 2 өдөр завсарлаад дахин барилдаж 2 дараалан давсан Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-5/ энэ өдөр Сэкиваке Митакэүмитэй барилдан ёрикири мэхээр унагаж 9 даваатай башёг дуусгав.
Энэхүү 15 дахь өдрийн барилдаан Озэки Асаноямаг Озэки Такакейшёо ошитаоши мэхээр хаяж 12 даваатай болсон бол, Асанояма 10 даваатай башёг дуусгав. Харин Озэки Такакейшёотой ижил даваатай байсан Тобизарюү/М-14/, өнөөдөр Шодайд унаснаар 11 даваатай энэ башёг төгсгөлөө. Тэрбээр “Кантошо” тусгай шагналын эзэн болов.
Харин сүүлийн өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/, Котошёо /М-12/-д цүкидаши мэхээр унаж 5 даваа, 10 унаатай, монгол сумочдоос ганцаараа тун амжилтгүй барилдсан бол Хошорюү С.Бямбасүрэн /М-16/, Саданоүми /М-10/-д ёрикири мэхээр давж Качгоши буюу 50-иас дээш хувийн амжилтаа хийж чадлаа. Мөн Ичиножёо А.Ичинноров /М-17/ 15 дахь өдөр Чиёоно /Жүрёо-6/-г уватэнаге мэхээр унагаж качгоши хийж тэмцээнээ дуусгалаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.