УИХ-ын дарга Г.Занданшатар Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын баг энэ сарын 27-ны өдөр Ховд аймагт ажиллах үеэрээ орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийв.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “төр засгийн зүгээс төрийн албаны шударга байдал, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, үр өгөөжийг дээшлүүлэх, хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон талт ажил хийж байгаа. Мөн түүнтэй уялдсан бодлогын баримт бичгүүдийг боловсруулан хэрэгжүүлэхийн зэрэгцээ хяналтын тогтолцоог сайжруулахад УИХ-аас онцгой анхаарч байна” хэмээлээ. Мөн цементийн үйлдвэр, малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж зэрэг Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн хөгжилд чухал ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтын ажил бодитоор өрнөж эхэлсэнд талархалтай байгаагаа онцолж байсан юм.
Энэхүү уулзалтын хүрээнд Ховд аймгийн иргэд санал бодлоо нээлттэй илэрхийлсэн. Үүнд,
Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Ж.Бугалжаа: Эдийн засгийн судалгаа, статистик мэдээллийг нарийн тодорхойлж оновчтой гаргах, малын гаралтай түүхий эд болох арьс, шир, яс зэргийг бүрэн боловсруулах чиглэлд анхаарч ажиллах. Мөн ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн учраас зээл аваагүй байсан бусад ахмад настанд тэтгэмж олгох, тэтгэврийн зөрүүг арилгахад анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Н.Нарантуяа: Багийн иргэдийн нийтийн хуралд оролцох иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх талаар холбогдох хууль, бодлогын баримт бичигт тусгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дунд, доод шатанд бүрэн хэрэгжүүлж хэвших. Төрийн албан хаагчдын гэр бүлдээ зарцуулах чөлөөт цагийг нэмэгдүүлэх зорилгоор бямба, ням гарагт томоохон үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан ажил зохион байгуулахыг бодлогын түвшинд хориглох, орон нутагт барьж буй барилгын чанар, норм, стандартыг сайжруулахад анхаарах шаардлагатай.
Жаргалант сумын иргэн Х.Баярлах: Ховд хотын хилийн зэсийг тэлэх, газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг бодлогын түвшинд авч үзэх, нисэх буудал болон дулааны станцын шугам сүлжээний өргөтгөл хийхэд анхаарч дэмжихийг хүсэв.
Мөн зарим иргэдийн зүгээс газар эзэмших боломж олгох, цалин хөлс нэмэгдүүлэх, архидалт, ажилгүйдэл, авлигыг бууруулах гарц шийдлийг оновчтой тодорхойлох, дотоодын жижиг дунд үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих замаар бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэх, гадаад өрийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл авах, гэр хорооллын айл өрхүүдийн цэвэр, бохир усны шугам сүлжээг шинэчлэн өргөтгөх зэрэг нэлээд санал хэлэв.
Уулзалтын төгсгөлд иргэдийн гаргасан зарим саналыг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа удирдлагууд илэрхийллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.