Испанид халдвар авсан хүний тоо нэг сая давлаа

Испанид халдвар авсан хүний тоо нэг сая давлаа

Испанид коронавирусний халдвар авсан хүний тоо лхагва гарагт нэг сая давснаар уг үзүүлэлтэд хүрсэн анхны баруун Европын орон болжээ.

Испанид лхагва гарагт халдварын 16793 тохиолдол шинээр илэрч, 156 хүн нас баржээ. Ингэснээр энэ оны нэгдүгээр сарын 31-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тус улсад халдвар авсан хүний тоо 1005295-д хүрсэн байна.

Испани нь халдварын нэг сая тохиолдол бүртгэгдсэн дэлхийн зургаа дахь улс болсон нь энэ бөгөөд халдвар авсан хүний тоогоороо АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Аргентины араас бичигдэж байна.

Европт сүүлийн хэдэн сарын хугацаанд халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрууд халдварын тархалтыг хяналтад авч, эмнэлгийн ачаалал хэтрэхээс сэргийлэхийн тулд шинэ хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм. 

Испанид нөхцөл байдал ямар байна вэ?

Цар тахал дэгдэж эхэлсэн эхний саруудад халдвар их тархсан Испанид тархалтыг хяналтад авахын тулд хүүхдүүдийг гадаа гарахыг хориглох гэх мэт хамгийн хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн билээ. Хожим нь халдварын тохиолдлын тоо буурах үед Европын ихэнх орны нэгэн адил хязгаарлалтуудаа сулруулах шийдвэрийг гаргасан юм.

Гэвч наймдугаар сарын сүүлээр халдварын шинэ тохиолдлын тоо өдөрт 10 мянгаар нэмэгдэх болжээ. Мөн сүүлийн хоёр долоо хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 20 хувиар нэмэгдсэний зэрэгцээ халдвараар нас барсан хүний тоо өсөж, мягмар гарагт 218 хүн нас баржээ.

Испанид өнөөдрийн байдлаар 34366 хүн “COVID-19”-ийн улмаас нас барсан байна.

Гэсэн хэдий ч хууль тогтоогчид одоогийн нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах тухайд санал хуваагдаад байна. Үндэсний парламентын улс төрчид Ерөнхий сайд Жузепп Контед итгэл үзүүлэхгүй байх тухай хэт барууныг баримтлагч “Vox” намаас гаргасан хүсэлтийн талаар лхагва гарагт хэлэлцсэн бол төв Засгийн газар бүс нутгийн удирдагчидтай зохистой арга хэмжээнүүдийг хэрхэн авч хэрэгжүүлэх талаар санал зөрөлджээ.

Энэ сарын эхээр Мадридын барууны төвч үзлийг баримтлагч эрх баригчид нийслэл хотод хэсэгчилсэн хөл хорио тогтоосон боловч шүүхийн шийдвэрээр хүчингүй болгожээ. Гэвч Испанийн Засгийн газар сүүлд тус хотод 15 хоногийн онцгой байдал тогтоосон байна. Эрүүл мэндийн сайд бүс нутгийн удирдагчидтай цаашид авч хэрэгжүүлэх алхмуудын талаар пүрэв гарагт хэлэлцэх ажээ.

Европын бусад орны тухайд

  • Ирландад орон нутгийн цагаар лхагва гаргийн шөнө дундаас хавар тогтоосонтой ижил, халдварын хамгийн өндөр хязгаарлалтыг тогтооно.
  • Италид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 15199 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
  • Нидерландын хааны удмын гэр бүл Засгийн газар шинэ хатуу зохицуулалт гаргасан байсныг үл харгалзан хилийн чанад руу аялсныхаа төлөө хүлцэл өчжээ.
  • Германы Эрүүл мэндийн сайд Йенс Спаны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан тул өөрийгөө тусгаарлажээ.
  • Их Британийн Саут-Йоркшир гүнлэгт бямба гаргаас халдварын хамгийн өндөр буюу гуравдугаар түвшний хязгаарлалтуудыг тогтооно.
  • “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн вакцины Бразил дахь туршилтад оролцож байсан сайн дурын хүн нас барсан боловч туршилтаа үргэлжлүүлэхээр болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.