Хүүхдийн төлөө фонд байгуулагдлаа

Хүүхдийн төлөө фонд байгуулагдлаа

Хүүхдийн төлөө сайн дурын байгууллага болох Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах “Монгол соёл-Монгол хүүхэд” монгол туургатан оддын теле тоглолтод ОХУ-ын дуучин Алсу, Германы “Чингис хаан” хамтлагийн дуучин Волфганг, реппер  Нана, Холливудын од Стивен Сигал, Өвөр Монголын дуучин Тэнгэр, Алдарт хуурч Чибулаг, “Алсад суугаа ээж” дуугаар үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулсан Уужим болон Өвөрмонголын “Хөх хээр, “Хангай” хамтлаг, Халимагийн алдарт Жангарч Цагаан зам, дуучин Диана, Буриадын дуучин Мэдэгма, Алиханзе, Сариуна, Саха Якутын гавьяат дуучин Саарын, Тувагийн Дэмбэрэл Оржак нар хилийн чанадаас оролцохоор болжээ. Түүнчлэн Хүүхдийн төлөө бүхнийг уриалгад Монголын алдартай хамтлаг дуучид бүгд нэгдсэн бөгөөд “Харанга”, “Хурд”, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Г.Ариунбаатар, дуучин Ука, бяцхан од Энжи, Уянга, дуучин Б.Алтанжаргал нар болон Монголын үндэсний урлагийн их театрын бүжигчид оролцоно.

Монгол туургатан оддын теле тоглолт маргааш буюу арванхоёрдугаар сарын 30-ны 18:00 цагт Монголын үндэсний олон нийтийн телевиз болон UBS, V, TВ-5, TВ-9, ETV, NTV, С1, TV-8, Star, Боловсрол суваг, SBN, TM телевизээр үзэгчдэд шууд хүрнэ.

Ташрамд дуулгахад, Өнгөрсөн зуунд Юмжаагийн Цэдэнбал агсны гэргий Анастасия Цэдэнбал Филатова Монголын ард түмний ирээдүй хойч, үр хүүхдүүдийн төлөө ухамсарт амьдралаа зориулж, 1971 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулан хот хөдөөгүй олон тооны цэцэрлэг, сургууль, эмнэлэг, хүүхдийн зуслан, хуримын ордон гэх мэт бүтээн байгуулалт хийсэн түүхтэй. Өдгөө ч Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа үргэлжилсээр байна.

Бүхнийг хүүхдийн төлөө уриалгад нэгдэж, багачууддаа зориулцгаая.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.