Барьцаалан зээлдүүлэх газрын хүүг бууруулах хуулийн төслийг дэмжив
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ннарын гишүүдийн өргөн мэдүүлсэн “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Цар тахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд иргэдийн цалин, орлого таслалдсан. Үүний улмаас барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэн буурах, үнэгүйдэх зэрэг бодит эрсдэл тулгараад байгааг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа илтгэлийнхээ танилцуулав.
Санхүүгийн зохицуулах хороо нь ББСБ, ХЗХ-ны үйл ажиллагаа, зээлийн гэрээтэй холбогдох өргөдөл, гомдол, хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 23-наас цахимаар болон утсаар хүлээн авах ажиллагааг зохион байгуулахад нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 37.9 хувийг барьцаалан зээлдүүлэх газар болон rap утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээдүүдээс авсан зээлийн хугацааг сунгуулах асуудал эзэлж байжээ.
Хуулийн төсөлд барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ноос энэ оны 7 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг сарын 3 (гурав) хувиас, алдангийг өдрийн 0.2 (тэг бүхэл хоёр) хувиас тус тус хэтрүүлэхгүй тооцохоор тусгасан байна. Мөн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, хэрэв хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцохоор тусгажээ. Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.