Сайнбуянгийн Амарсайхан: Хүн бүр алхам тутамдаа хичээх нь чухал байна.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авсны дараа дараах мэдэгдлийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан гаргажээ.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж, Шадар сайдын албыг хаших хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээлээ.
Төрийн ажил явуулахад сэтгэл, зүтгэл, хариуцлага, хяналт, судалгаа, төлөвлөлт, бас хурд чухал гэж үздэг. Төрийн шат шатны албанд энэ л шаардлагыг тавьж, энэ зарчмыг баримталж ажиллана.
Онцгой комиссоос гарах шийдвэрийн ард олон түмний эрүүл мэнд, амь нас, ажил, амьдралын асуудал байдаг учраас шийдвэр болгоноо бодит тооцоо судалгаанд үндэслэж гаргахыг эрхэмлэнэ.
Цар тахлын хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй. Ялангуяа төр засгийн аливаа шийдвэрийг ажил, амьдралд бодитоор хэрэгжүүлэх гол гүүр болсон төрийн алба хаагчид маань үүнд онцгой үүрэгтэй учраас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах болно.
Өнөөдөр бид ямар эгзэгтэй нөхцөл байдалд байгааг бүгдээрээ мэдэж буй. Хариуцлагатай байна гэдэг нэг хүнээс эхэлдэг. Хариуцлага алдах ч нэг хүнээс эхэлж болно. Иймд хүн бүр алхам тутамдаа хичээх нь чухал байна.
Танхимын гишүүдтэйгээ, ард иргэд Та бүхэнтэйгээ хамтран, бэрхшээл сорилтуудыг хамтдаа даван туулах болно.
Хүндэтгэсэн: УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.