Аун Сан Су Чиг суллахыг шаардсан жагсаал бямба гарагт олон хотод өрнөв
Дэлхийн мэдээ
Огноо 2021-02-07
Мьянмарт төрийн эрхийг гартаа авсан цэргийнхэн интернэтийн хэрэглээг хязгаарласныг үл харгалзан төрийн эргэлтийг шүүмжилсэн, удирдагч Аун Сан Су Чиг суллахыг шаардсан жагсаал бямба гарагт олон хотод өрнөж, олон арван мянган хүн оролцжээ.
Мьянмарын хамгийн том хот болох Янгонд болсон жагсаалын үеэр жагсагчид цэргийнхнийг эсэргүүцэж, ардчиллыг дэмжсэн уриа хашхирч, цэргийн дарангуйллыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн лоозонгуудыг барьсан байжээ. Мөн жагсаалд оролцоогүй хүмүүс тэдэнд хоол хүнс, уух юм санал болгосон байна.
Бямба гаргийн орой Аун Сан Су Чиг сулласан талаарх мэдээлэл гарсан нь олон нийтийг баярлуулсан боловч түүний өмгөөлөгч нэн даруй няцаажээ. Баярлаж хөөрсөн оршин суугчдын мэдээлснээр, цэргийнхний хяналтад байдаг “Myawaddy” суваг ийнхүү мэдээлжээ.
Гэвч өмгөөлөгч Кхин Маунг Зау өдгөө 75 настай удирдагчийг сулласан гэх мэдээллийг няцаагаад, тэрбээр баривчлагдсан хэвээр байгаа гэж “Reuters” агентлагт мэдээлжээ. Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөөх үндэсний лиг нам өнгөрсөн 11 дүгээр сарын 8-нд болсон сонгуулиар илт давуу ялалт байгуулсан боловч генералууд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм.
Бямба гаргийн өглөө олон мянган хүн Янгон хотын засаг захиргааны байрны урд жагсаж, жолооч нар дуут дохиогоо хангинуулсан байна. Мөн жагсагчдын зарим нь Ардчиллын төлөөх үндэсний намын далбаа, Аун Сан Су Чигийн гэрэл зургуудыг барьсан байжээ. Харин орой гэхэд жагсагчдын дийлэнх нь таржээ.
Мөн Мьянмарын хоёр дахь том хот болох Мандалай болон нийслэл Нейпидо хотод жагсагчид цэргийн эргэлтийг эсэргүүцсэн уриа хашхирч, Аун Сан Су Чиг суллахыг уриалсан байна. Жагсагчдыг цуглаж эхлэх үеэс интернэт сүлжээг хаасныг үл харгалзан ийнхүү жагсаал цуглаан өрнөсөн байна. Түүнчлэн бямба гарагт төрийн өмчит “MRTV” сувгаар өдрийн турш цэргийнхнийг сайшаан магтсан дүрсүүдийг үзүүлжээ.
“NetBlocks” интернэт сүлжээний ажиглалтын байгууллагын мэдээлснээр, Мьянмарт интернэтийн холболт ердийн үеийн 16 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч буурчээ. Энэ долоо хоногийн пүрэв гаргаас хүн амын тэн хагастай тэнцэх тооны хэрэглэгчтэй “Facebook” нийгмийн сүлжээг хэрэглэх боломжийг хязгаарласан цэргийнхэн баасан гаргаас “Twitter”, “Instagram”-ын хэрэглээг хязгаарласан юм.
“Facebook” компанийн хувьд нийгмийн сүлжээнийхээ хэрэглээг сэргээхийг цэргийнхэнд уриалжээ. “Энэ хүнд цаг үед Мьянмарын ард түмэн хайртай дотны хүмүүстэйгээ харилцах, чухал мэдээллүүдийг олж авах хэрэгтэй” гэж “Facebook” компанийн Ази-Номхон далайн орнуудын бодлого хариуцсан дарга Рафаэль Франкель мэдэгджээ.
Мөн НҮБ-ын Хүний эрхийн комисс "үг хэлэх эрх чөлөө, мэдээлэл олж авах эрхийг хангахын тулд интернэт, харилцаа холбооны сүлжээнүүдийг бүрэн сэргээх хэрэгтэй" гэж “Twitter” хуудсаараа дамжуулсан мэдэгдсэн байна. Норвегийн “Telenor” харилцаа холбооны оператор компанийн мэдээлснээр, эрх баригчид бүх оператор компанид интернэт сүлжээг түр хязгаарлахыг үүрэг болгосон хэдий ч дуудлага хийх, зурвас солилцох үйлчилгээ нээлттэй хэвээр байгаа ажээ.
Мьянмарын иргэний нийгмийн бүлгүүд интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудаас цэргийнхний тушаалыг эсэргүүцэхийг хүсжээ. Харин “Telenor” компанийн зүгээс ийм нөхцөл байдал үүссэнд харамсаж байгаагаа илэрхийлсэн боловч дотоодын хууль тогтоомжийг мөрдөж, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж байгаагаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.