Монголын цэргийн баг 11.9 тонн жинтэй байлдааны автомашиныг чирэх уралдаанд оролцов
Монгол мэдээ
Огноо 2021-02-16
Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын XIII дугаар ээлжийн цэргийн багийнхан үндсэн үүргийнхээ зэрэгцээ дэлхийн орнуудын цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулагддаг уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байна.
Баазын удирдлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Dingo” байлдааны автомашиныг чирч, хурд хүч, авхаалж самбаагаа сорих тэмцээнд ХБНГУ, Швед улсын цэргийн алба хаагчидтай хамтарсан баг амжилттай оролцлоо. Энэхүү уралдаанд 10 цэргийн алба хаагчдын баг болон оролцдог бөгөөд багийн гишүүн бүр 25 литрийн устай савыг өргөөд 10 метр зайд байрлах тэмдэгтийг тойрч, багаараа 11.9 тонн жинтэй “Dingo” байлдааны машиныг 59 метрт чирч, барианд ордог юм.
Үүнээс гадна эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлах, бүрэлдэхүүний бие бялдрыг хөгжүүлэх ажлуудыг ч тусгай төлөвлөгөөний дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж байна. Тухайлбал, алба хаагчдын хурд хүч, оюун ухаан, эв дүй шаардсан буухиа тэмцээнийг явуулахад ахлах дэслэгч Б.Түвшинжаргал, дэслэгч С.Оюунбат, ахлагч Т.Түмэн-Өлзий ахлагчтай багууд эхний байрт шалгарсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.