PCR шинжилгээгээр 52 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.
Засгийн газар болон ХӨСҮТ-өөс өнөөдрийн /2021.02.21/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 52 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД, Хан-Уул дүүргийн лабораториудад нийтдээ 44 018 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс бүртгэгджээ. Үүнээс 15 нь анхны шинжилгээгээр, есөн хүн нь хавьтлын шинжилгээгээр илэрчээ. Бусад нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс юм.
Улаанбаатар хотод коронавирусний батлагдсан тохиолдол 1798, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт 2 124 тохиолдол бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 638 болжээ. Үүнээс 1 864 нь эдгэрээд байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 18 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай 759 хүн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.