М.Уранцэцэг “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын аварга боллоо.
Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг Узбекистаны Ташкент хотноо өнөөдөр эхэлсэн “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын аварга боллоо.
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ оны 2 дахь цуврал тэмцээний эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг жингийн барилдаанууд өнөөдөр явагдаж, жин тус бүрийн шилдгүүд тодорч байна.
М.Уранцэцэг 48 кг-д хэсгийн аваргын төлөө Италийн Франческа Миланиг, хагас шигшээд Сербийн Андре Стоядиновыг ялснаар мөнгөн медалийн болзол ханган аваргын төлөө Японы жүдоч Нацүми Цүнодатай хүч үзэн алтан медалийн эзэн болов.
Ташрамд дурдахад: Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд жүдо бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа бүртгэгдсэн.
М.Уранцэцэг 2010 оны 12 дугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг цуврал IJF World Tour тэмцээнд оролцож, хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорч байсан.
Тэрбээр дурдсан хугацаанд нийт 35 медаль хүртсэн байна. Үүнд: 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль буюу хамгийн олон медаль хүртсэн дэлхийн дээд амжилтын эзэн болж бүртгэгдэж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.