Агаарын тээврийн нислэг энэ онд 30 хувиар сэргэнэ

Агаарын тээврийн нислэг энэ онд 30 хувиар сэргэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын шинэ нисэх буудлын ажилтай өнөөдөр танилцлаа. 

Энэ үеэр Монгол Улсын агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулав. Монгол Улсын агаарын тээвэр 2019 онд 1.6 сая зорчигч тээвэрлэсэн бол 2020 онд 440 мянган зорчигч тээвэрлэжээ. Түүний дийлэнх нь орон нутгийн буюу уул уурхайн ажилчид байв.

"КОВИД-19" цар тахлын өмнө агаарын тээврийн орлого 328 тэрбум ам.доллар байсан бол одоо 140 тэрбум төгрөг болж буурчээ.

Чингис хаан олон улсын нисэх буудлыг шинэ буудал руу нүүлгэн шилжүүлэхэд 60.9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа судалгаа байна. Энэ судалгааг төсөл болгож Засгийн газарт өргөн барихад бэлэн болсон талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулгадаа онцлов. 

Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 1 гэхэд хилээ нээх зорилт тавьсан бөгөөд энэ хүрээнд бэлэн байдлыг хангаж буй талаар мэдээлэл өгөв. Энэ хүрээнд агаарын тээврээр зорчих журмыг тодорхой болгохоор ажиллаж буйг тэмдэглэв. Монгол Улс аль вакцин таиулсан хүнийг, ямар журмаар нэвтрүүлэх зэргийг тусгаж журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг онцоллоо. Олон улсын агаарын тээврийн байгууллагын гаргасан судалгаагаар, 2021 онд нислэг 30 хувиар сэргэнэ гэсэн тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, 2019 онд дэлхий даяар 39 сая нислэг үйлдсэн бол 10 сая орчим нислэг сэргэх хэмжээнд хүрсэн байна. 

ИНЕГ-аас Монгол Улсаас хамгийн олон нислэгтэй БНТУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ХБНГУ-тай харилцан зорчих асуудлаар хэлэлцээ хийж байгааг тэмдэглэв.  Тухайлбал, БНСУ өдөрт 10-20 мянган хүнд вакцин хийж 10 дугаар сар гэхэд хүн амаа бүрэн хамруулах төлөвтэй байна. Ийм тооцоогоор тус улс руу долоо хоногт 2 удаа нислэг үйлдэх боломж байгааг хэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.