Төмөр замаар 5.2 сая тонн ачаа тээвэрлэжээ.
Төмөр замаар энэ оны эхний хоёр сард 5.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 436.6 (9,2 хувь) мянган тонноор нэмэгджээ.
Үүнд дотоодод тээсэн ачаа 399.0 (23,8 хувь) мянга, импортын ачаа 212.2 (49,8 хувь) мянган тонноор өссөн нь нөлөөлөв. Төмөр замын тээврээр тээсэн ачаа энэ оны хоёрдугаар сард 2.5 сая тонн болж, өмнөх сарынхаас 118.5 (4,5 хувь) мянган тонноор багаслаа.
Өнгөрсөн сард төмөр замаар тээвэрлэсэн нийт ачаанд уул уурхайн бүтээгдэхүүн 88,3, барилгын материал 6,7, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 0,3, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 1,0, хар төмөр 0,5, мод модон материал 0,3 хувь болон бусад бүтээгдэхүүн 1,9 хувийг эзэлж байна. Хоёрдугаар сард цар тахлын халдварын улмаас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр төмөр замаар зорчигч тээвэрлээгүй аж.
Төмөр замын тээврийн орлого 2021 оны эхний хоёр сард 120.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.3 (4,6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүн тухайлбал, нүүрс, жонш, жоншны баяжмал, барилгын материалын тээвэрлэлт нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Төмөр замын тээврийн орлого өнгөрсөн сард 56.9 тэрбум болж, өмнөх сарынхаас 6.5 (10,2 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.