Шуурганд төөрсөн иргэдийн 9 нь амь эрсэджээ

Шуурганд төөрсөн иргэдийн 9 нь амь эрсэджээ

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэн хүний амь эрсдэж, эд малын хохирол учирсан Дундговь аймгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцохоор аймгийн Онцгой комиссын гишүүдтэй онлайнаар холбогдлоо.

Тус аймагт өчигдрөөс эхлэн 10-15 цагийн турш үзэгдэх орчин хязгаарлан үргэлжилсэн шороон шуурганаас болж 468 иргэн сураггүй алга болсон дуудлага мэдээлэл аймгийн Онцгой комисст ирж, 578 ажилтан албан хаагч 186 техник тусламжтайгаар аврах, эрэн хайх ажиллагааг явуулсан байна. 

Онцгой комиссоос шуурхай арга хэмжээг зохион байгуулж ажилласны үр дүнд өнөөдрийн 15.00 цагийн байдлаар 459 иргэнийг эсэн мэнд олжээ. Харамсалтай нь 9 хүнийх нь амь эрсэджээ.

Хүчтэй шороон шуурга 34-40 метр секунд хүртэлх хурдтай үргэлжилж, 1.6 сая мал салхинд уруудаж, 69 барилга, обьектын дээвэр хууларч, 30 автомашины шил хагарч, 587 хашаа хороо унаж, 92 гэр нурсан байна. 

Аймгийн хэмжээнд хохирлын үнэлгээг гаргаж байгаа бөгөөд сумдад шаардлагатай тусламжийн баг ажиллуулж, гамшигт өртсөн айл өрхүүдэд тусалж эхэлсэн тухай мэдээллийг АОК-оос Шадар сайдад өглөө. 

Гамшигт өртөж амь эрсэдсэн малчдын ар гэрийнхэнд Шадар сайд гүн эмгэнэл илэрхийлээд, УОК, АОК-аас цаг уурын аюулт үзэгдлийн талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд, малчдад урьдчилан сануулж хүргэсээр байтал золгүй явдал тохиолдож байгааг АОК анхааралдаа авч, цаашид эрсдэлтэй бүс нутагт хаваржиж байгаа малчдын судалгааг нэн яаралтай гаргаж, урьчилан сэргийлэхийг АОК-т үүрэг болгов. 

Мөн аймгийн хэмжээнд хохиролын хэмжээг бодитой гаргах,  шаардлагатай тусламж үйлчилгээний хүсэлтийг ирүүлэхийг аймгийн Онцгой комисст даалгав. 

Цаг агаарын гамшигт үзэгдэл дахин давтагдаж болзошгүй тул бэлэн байдлыг хангаж, сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд, малчдад бүх хэлбэрээр түгээх, УОК-т цаг тухай бүрийн мэдээллийг өгч ажиллахыг уламжлаад, аймгийн хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг сайтар хийхийг чиглэл болгов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.