ЗАСГИЙН ГАЗАР: УОК-оос гаргасан ШИЙДВЭРИЙГ хэлэлцэнэ
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог.
Засгийн газрын өнөөдрийн /2021.03.24/ ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний талаар, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт болон Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл, Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Үүнээс гадна Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэлэлцэж, баталгаажуулах юм.
Өнгөрсөн даваа (2021.03.22) гарагт Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Улсын Онцгой комисс хуралдаж, цар тахлын үеийн зарим арга хэмжээг авч, хэрэгжүүлэхээр болсон.
Хэдийгээр хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн ч шаардлагатай зарим арга хэмжээ, зохицуулалтыг хийхээр тусгасан. Тухайлбал, мөрдөгдөж буй гамшгийн үеийн "Улбар шар" түвшнийг энэ сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлүүлэхээр болсон ба энэ хугацаанд үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт зохицуулалт хийх, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах чиглэлд анхаарсан зөвлөмж, зөвлөгөөнүүд гаргахаар шийдвэрлэсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.