Ө.Шижир: Ерөнхийлөгчийг Цэцэд нөлөөлсөн гэж зохион байгуулалттайгаар нэр төрд нь халдаж байна

Ө.Шижир: Ерөнхийлөгчийг Цэцэд нөлөөлсөн гэж зохион байгуулалттайгаар нэр төрд нь халдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд, Я.Санжмятав нар өнөөдөр /2021.03.24/ цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Сүүлийн үед олон нийтийн зарим хэвлэл мэдээллээр санаатайгаар худал мэдээлэл өгөх, тараах ажил идэвхтэй өрнөж байна. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой Үндсэн хуулийн Цэц дээр явж байгаа маргаан байна. Энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Солонгоос Ерөнхийлөгчийн Тамгын газарт ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Х.Доржханд нарын гаргасан мэдээллийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгыг хоёрдугаар сарын 24-ний өдөр өөрийн байр суурийг тодруулах шаардлагатай байна гэдэг албан бичиг ирүүлсэн. Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэц дээр очиж, өөрийн байр суурийг илэрхийлсэн. Энэ бол ямар нэгэн байдлаар Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөх гэсэн оролдлого биш юм аа. Харамсалтай нь, зохион байгуулалттайгаар Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах, Үндсэн хуулийн Цэцэд дарамт шахалт үзүүлэх боллоо. Үүнийг байж боломгүй үйлдэл гэж үзэж байна" хэмээн тодотголоо. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн Я.Санжмятав "Хэвлэл мэдээллээр эзэн нь ил гарахгүй зүйл явж байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн ямар нэгэн бүлэглэл, нөлөөлөлд оролцох ёсгүй. Өнгөрсөн баасан гарагт болсон Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан дээрх асуудлаар хуралдсан. Энэ шийдвэр албажих ёстой. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Цогтоогийн асуудлыг УИХ-д авч ирлээ. Ямар нэгэн нөлөөлөлд автахгүй, хуулийн дагуу шийдвэрээ гаргаж, албажуулж, гарын үсэг зурахгүй байгаа гишүүнээ зуруулах ёстой. Өөрийн үзэл бодолд нийцээгүй гэдэг үндэслэлээр төрийн ажлыг гацааж байгаа бол хариуцлага хүлээх ёстой. Цаг хугацаа хожиж, байнгын хорооны хурлаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг татах тухай асуудлыг оруулж ирж байна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.