Дархан-Уул аймагт коронавируст халдварын тоо 69 боллоо
Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хэсэгчилсэн хуралдаан өнөөдөр /2021.03.25/ боллоо.
Энэ сарын 21-ний өдрөөс хойш аймгийн хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 24 боллоо. Өмнөх батлагдсан 45 тохиолдолтой нийлээд нийт 69 тохиолдол болж байна. Шинээр бүртгэгдсэн 24 тохиолдлын 7 нь Өвөрхангай аймгийн "Сэмжид-Хужирт" сувилалд сувилуулаад ирсэн иргэд. Эдгээрээс үүдэлтэй гэр бүл, ойрын хавьтлын 8 иргэн байна. Эх үүсвэр нь тодорхойгүй 5 тохиолдол байна. Үүнээс салбарласан ойрын хавьтлын 4 тохиолдол бүртгэгдээд байна. Нийт тохиолдлуудын 12 нь Дарханд, 12 нь Шарын голд амьдардаг иргэд байна. Халдвар авсан иргэдийн дийлэнх нь 40-45 насныхан байна. Өвдсөн иргэдийн 25 хувьд нь хоолой сэрэвгэнэх, толгой өвдөх, ханиах, нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрсэн бол 75 хувьд нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна.
Тандалт судалгаагаар халдвартай иргэдийн ойрын хавьтал 418 иргэнийг тогтоосон. Үүнээс ажиглан тусгаарлах 5 байранд 136 иргэн байна. Гэрт нь 251 иргэнийг тусгаарлан хяналт тавьж байна. Аймгийн Онцгой комиссоос эх үүсвэр нь тодорхойгүй байгаа тохиолдлуудын эх үүсвэрийг олж тогтоох, ойрын хавьтлуудыг илрүүлэх, шинжилгээнд хамруулах зэрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Орхон аймагт очиж Сибирын гоо сайхны бүтээгдэхүүний танилцуулга сургалт хийсэн Дархан-Уул аймгийн 2 иргэнээс халдвар илэрсэн тул тэдгээр иргэдтэй холбоотой мэдээллийг цуглуулах, тархвар зүйг судлах ажлыг мөн эхлүүллээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой АОК-оос дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Гоо сайхны болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн худалдан борлуулдаг /сүлжээний/ үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түр хязгаарлалаа.
- Томоохон худалдаа үйлчилгээний төвүүд болон, төрийн өмчит болон хувийн хэвшлийн дэд бүтцийн байгууллагуудыг өөрсдийн зардлаар ажилчид, түрээслэгчдийнхээ 50 хүртэлх хувийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах шийдвэрийг гаргалаа.
- Газар тариалан эрхлэгчид түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад аймгийн ХХААГ-аас нэвтрэх зөвшөөрөл аваад зорчих хөдөлгөөнд оролцоно.
- Гуравдугаар сарын 21-ний өдрөөс өмнө Шарын гол суманд очоод гацсан Дарханы болон өөр аймаг сумын иргэдийг нэг удаа татах ажлыг зохион байгуулна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.