Төрийн байгууллагын албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажиллуулна.

Ховд аймагт энэ сарын 2-ны өдрийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо дахин 4-өөр нэмэгдэж, батлагдсан тохиолдол 33 боллоо.
Нөхцөл байдалтай холбогдуулан хязгаарлалт тогтоох тухай Ховд аймгийн Засаг даргын захирамж, холбогдох шийдвэрийн хэрэгжих хугацааг сунгасан байна.
Тодруулбал, Ховд аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн учраас гуравдугаар сарын 29-ний өдрийн 22.00 цагаас эхлэн аймаг, сум хооронд иргэн, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан. Мөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд сургууль, цэцэрлэг, сургалтын төв, үйлчилгээний газар болон хүнс, барааны зах, худалдааны төв, баар, зоогийн газрын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байсан.
Энэхүү шийдвэрийн хэрэгжих хугацааг сунгаж, аймгийн төв, хөдөөгийн сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сургалтын төв, үйлчилгээний газар болон хүнс, барааны зах, худалдааны төв, баар, зоогийн газрын үйл ажиллагааг энэ сарын 5-ны өдрийн 23:00 цаг хүртэл түр хязгаарлав.
Мөн төрийн байгууллагын албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажиллуулна. Бусад албан хаагчдыг гэрээсээ ажиллах боломж бүрдүүлэхийг албаныханд үүрэг болголоо.
Түүнчлэн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй банкны ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, дөрөвдүгээр сарын 2-5-ны өдөр 09:00-15:00 цаг байхаар тогтоов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.