60 км авто замын шинэчлэлийн ажил энэ сард эхэлнэ
![60 км авто замын шинэчлэлийн ажил энэ сард эхэлнэ](http://olnodo.com/media/post/2021-04/EnMjg41ytjZQVRnAFWtTCYvQPzWmiSmw3kITUscE.png)
Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто замын 371-431 км дэх хэсгийн 60 км замын засварын ажлыг тун удахгүй эхлүүлэх талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг мэдээлэл өглөө.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2019 оны 9-р сарын 13-нд байгуулсан МОН-3786 зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-д Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын их засварын ажил багтсан юм. Энэ дагуу гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах Олон улсын тендерийн үйл ажиллагааг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулж, “Эйч кэй би интернэйшнл холдинг” ХХК шалгарчээ. Тус компани зам барилгын ажлыг гүйцэтгэх 13.97 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2021 оны 3-р сарын 31-нд байгуулснаар гурван жил яригдаж буй замын ажил 4-р сарын 20-ны өдөр эхлэхээр болсон байна.
Өвөрхангайнхны дунд “Жаргал үздэггүй 60 км” хэмээх нэршилтэй болоод буй уг зам нийслэлийг баруун долоон аймагтай холбодог бөгөөд 1992 онд ашиглалтад орсон, өдөрт 5000 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг, ачаалал ихтэйгээс шалтгаалан байнгын эвдрэлтэй байдаг зам юм. Энэ удаа засаад өнгөрөх биш бүрэн шинэчлэх асуудлыг аймгийн удирдлагууд, УИХ-д сонгогдсон гишүүд, холбогдох яам, сайд нарт удаа дараа уламжилж хөөцөлдөж байгаа ч бодит ажил болоогүй нь иргэдийн дунд шүүмжлэл, бухимдлыг төрүүлээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.