Э.Тэмүүлэнг ХӨСҮТ-ийн Дэд захирлаас чөлөөлж, Ж.Байгальмааг томилжээ
![Э.Тэмүүлэнг ХӨСҮТ-ийн Дэд захирлаас чөлөөлж, Ж.Байгальмааг томилжээ](http://olnodo.com/media/resized/1200x0/post/2021-04/4QnukQtLdGmZntMqYGSGuQ9FddST1whvCK1wMdPQ.jpeg)
Коронавирусний гол ачааг үүрч яваа Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн удирдлагууд он гарснаас хойш хэдэнтээ солигдлоо.
Энэ оны нэгдүгээр сарын 20-д хавьцаа тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тушаал гаргаж, тус эмнэлгийн дарга Д.Нямхүүг чөлөөлсөн. Түүний оронд ХӨСҮТ-ийн Дэд захирлаар ажиллаж байсан Д.Наранзулыг томилсон бөгөөд Д.Наранзулын өмнөх албан тушаалд тархвар судлаач Э.Тэмүүлэнг томилсон юм.
Ингээд өнгөрсөн гуравдугаар сард ХӨСҮТ-ийн сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд PCR шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж өгсөн асуудлыг Шадар сайд ил болгосноор гуравдугаар сарын 20-нд Д.Наранзулыг ХӨСҮТ-ийн даргаас чөлөөлж, түүний оронд Төрийн тусгай албаны эмнэлгийн захирлаар ажиллаж байсан, анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөрийг томилсон. Энэ томилгоотой зэрэгцэн ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийг зөвшөөрч, түүний орны хүнийг томилжээ.
ХӨСҮТ-ийн Дэд захирлаар өмнө нь тус эмнэлгийн Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байсан Ж.Байгалмаа томилогдсон байна.
ХӨСҮТ-ийн Дэд захирлаар ажиллаж байсан Э.Тэмүүлэнгийн хувьд тус албанд хоёр сарын хугацаанд ажилласан. Тэрбээр ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албанд ажиллаж байгаад АНУ-ыг зорьж, долоон жил суралцан, нийгмийн эрүүл мэндийн магистр, анагаах ухааны докторын зэрэг хамгаалаад, өнгөрсөн долдугаар сард Монголд иржээ. Ирсэн даруйдаа ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт судалгааны албанд ажиллаж байгаад ХӨСҮТ-ийн Дэд захирлаар томилогдсон юм.
Э.Тэмүүлэн одоо ХӨСҮТ-д тархвар судлаачаар ажиллах болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.