Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийг нөхөн олговор болгож, өрх бүрд сар бүр 1 сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд явууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийг нөхөн олговор болгож, өрх бүрд сар бүр 1 сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд явууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2021.04.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих зорилгоор тогтоосон удаан хугацааны хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хорионоос үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах, ард иргэд, айл өрхийн амьжиргаанд бий болсон үр дагаврыг өрх бүрд 1 сая төгрөгтэй дүйцэхүйц нөхөн олговор олгох, ингэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар шийдвэрлэх саналыг 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Улсын Их Хурал, Засгийн газарт удаа дараа тавьж ирсэн. Хөдөлмөрлөж орлого олох боломжоо хязгаарлуулснаас санхүүгийн болон сэтгэл санааны хувьд туйлдаж байгаа ард иргэдийнхээ амьжиргааг залгуулах, хэвийн амьдралыг дэмжих энэхүү санаачилгыг Засгийн газар хүлээн авч, энэ удаа хөл хорио тогтоохдоо иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь сайшаалтай байна.

Гэвч хүн амаа бүрэн вакцинжуулж дуустал энэ оны наймдугаар сар хүрэх тооцоолол харагдаж байгаа тул энэ удаагийн иргэн бүрд олгох 300 мянган төгрөгийн нөхөн олговор нь цар тахлын хүндрэл, санхүүгийн бэрхшээлийг даван туулах, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа сэргэхэд хангалттай дэмжлэг болж чадахгүй нь тодорхой юм.

Эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, нийтийн баялгийг цөлмөсөн тодорхой албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийн хөрөнгийг Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Миний бие энэ талаар 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны индрээс тодорхой дурдаж хэлсэн бөгөөд энэхүү хөрөнгөөр наймдугаар сарыг дуустал өрх бүрд 1 сая төгрөгийн нөхөн олговрыг сар бүр олгох, үүгээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэн нийтийн баялгийг цөлмөж, иргэдийн боломжийг хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэж, улсын орлогод авсан хөрөнгийг иргэдийнхээ амьжиргааг дэмжих, ажлын байрыг хадгалахад захиран зарцуулж, цар тахлыг даван туулах чиглэлд хамтран ажиллана уу.

Жич: Улсын Их Хурлын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар оролцож, хэлсэн үгийг хавсаргав.” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ 2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДӨР УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ:

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөтэй шууд холбогдох гурван хуульд нэгэн зэрэг хориг тавих болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд өөрийн зарчмын байр суурийг илэрхийлье.

Эрх мэдлээ ашиглан, нийтийн баялгийг цөлмөгч бүлэглэл шударга ёсны тэмцлийг саармагжуулах, үгүйсгэх, харлуулахын төлөө бүгдийг хийж ирсэн, хийсээр ч байна.

Тэд өнөөдөр амь тавьж байна. Тэд шударга ёсны үнэнд гүйцэгдэж, хүйтэн цуст капиталист сэтгэлгээгээр төр улсын эрх ашиг, ард түмний амь амьжиргааг сохор зоосны нүдээр харж байна. Мөнгөнд эх орон, ард түмэн гэж байдаггүй.

Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага маш үр дүнтэй ажилласан. Нийтийн баялгийг цөлмөж, оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж, эхнээсээ Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Эрх мэдэлтнүүдийн гэмт үйлдлийг илрүүлсэн ганцхан тодорхой жишээ дурдахад, тодорхой албан тушаалтнуудын дөрвөн их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлээд байна.

Энэ мэт гэмт хэргүүд эхнээсээ илрээд эхэлмэгц олигарх бүлэглэл хууль батлах замаар хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ.
Авлигатай тэмцэх газар болон шүүгчдийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог ялсан нам хяналтдаа авснаар цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж, босоо удирдлагын тогтолцоонд шилжүүлэхээр бэлдэж байна.

Цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу.

Цар тахлаас шалтгаалан ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй энэ үед Улсын Их Хуралд өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж буйд үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан би зөвхөн энэ асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно.

Тиймээс би хоригийг бүхэлд нь хүлээн авч, зохих асуудлыг нухацтайгаар дахин хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүд Та бүхэнд уриалж, бас хүсэж байна.

Мөн Оюу толгойн гэрээг тойрсон авлига, албан тушаалын гэмт хэрэг болон уг гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах тухай асуудлаар Улсын Их Хурал нэн даруй хаалттай хэлэлцэж, холбогдох хууль хяналтын байгууллагын мэдээллийг сонсох зайлшгүй шаардлага үүсээд байна. Анхааралдаа авна уу.

Монголчууд аа, ард иргэд ээ,

Үндсэн хуульд заасан ард түмний өмч болох нийтийн баялгийг олигарх цөөнх төрийн эрх мэдлийг ашиглан эзэмшиж, оффшор бүсэд асар их хөрөнгө нууцалсан нь нийтэд дөнгөж мэдэгдэж эхлээд байна. Тэд Улсын Их Хурлын гишүүдийг барьцаалж, чиглүүлж, дарамталсаар байгаа нь тодорхой болсон тул “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийн утгыг одоо бүгдээрээ гаргах цаг нь иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг бэлгэ тэмдэг төдийхөн байлгахын төлөө ард түмэн сонгодоггүй юм! Шударга ёсыг хамгаалж, төрийн эрх мэдлийг хянах ба тэнцвэржүүлэх Үндсэн хуулийн зарчмаар ардчиллыг хамгаал гэж Монгол Улсын нийт иргэдийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгодог.

Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд ажилгүйдэл, ядуурал, цар тахалтай тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч гэж олонхын бүлэгт захья, анхааруулъя.

Та бүхэн алдаа завхралаа засаж, залруулахгүй бол би төрийн тэргүүний хувьд бүх нийт ард түмнээр энэ асуудлыг хэлэлцүүлж, дараа, дараагийн арга хэмжээг авах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ШУУРХАЙ МЭДЭЭ: Энэ бямба гарагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ 2021-04-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2021.04.08/ 2021-04-08

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /2021.04.08/ 2021-04-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /Үдээс өмнөх/ 2021-04-09

ШУУД: КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.09-НИЙ 11 ЦАГ/ 2021-04-09

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийг нөхөн олговор болгож, өрх бүрд сар бүр 1 сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд явууллаа 2021-04-09

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлж байна... 2021-04-09

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /2021.04.09/ 2021-04-09

Шадар сайд ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд ажиллалаа 2021-04-10

ШУУД: КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.10-НЫ 11 ЦАГ/ 2021-04-10

Монгол Улсын Засгийн газрын гишүүд цаг үеийн асуудлаар тодруулга өгч байна 2021-04-10