ЭМЯ-ны буруугаас болж 106 сая төгрөгийн PCR-ын урвалжийг устгалд оруулсан уу!

ЭМЯ-ны буруугаас болж 106 сая төгрөгийн PCR-ын урвалжийг устгалд оруулсан уу!

“Ковид 19” цар тахалтай тэмцэхийн тулд Монгол Улс дор бүрнээ хичээж байна. Гэвч хичээл зүтгэлийн хажуугаар хайхрамжгүй, хариуцлагагүй хүмүүсийн буруутай үйлдлээс болж улс хохирох асуудлууд гарсаар байгаа юм.

Тухайлбал, орон нутагт цар тахлын дэгдэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор зарим аймгуудад PCR шинжилгээний аппараттай болгосон. Энэ хүрээнд дагалдаж ирсэн нэг бүр нь 12.5 ам.долларын үнэтэй нийт 106 сая төгрөгийн өртөг бүхий 3000 ширхэг PCR шинжилгээний урвалж бодисыг гуравдугаар сарын эхээр Эрүүл мэндийн яамнаас Увс аймагт илгээсэн байна. Гэвч хэрхэн хадгалах, ашиглах талаар Эрүүл мэндийн яамнаас ямар нэгэн зөвлөмжийг хүргүүлээгүй аж. Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт нь урвалжийг хүлээж авах эм зүйн мэргэжлийн хүн байгаагүйн улмаас 106 сая төгрөгийн хохирол учраад байгаа юм. Учир нь тухайн үед аймгийн эмнэлгийн эмч, сувилагч нар Улаанбаатар хотод сургалтад сууж таарсан тул эмнэлгийн нярав урвалжийг хүлээн авахдаа -2 хэмийн агуулахад бус авто машины дулаан зогсоолд хадгалжээ. Хадгалалтын горим алдагдсаныг 10 хоногийн дараа мэдсэн гэнэ. Гол нь Эрүүл мэндийн яамнаас ямар нэгэн хадгалалтын горим, зөвлөмжийг хамтад нь ирүүлээгүй гэж байгаа аж.

Тус аймаг 3000 ширхэг PCR шинжилгээний урвалжаа ашиглаж чадахааргүй болсон тул Архангай аймгаас 200 ширхэг урвалж аван шинжилгээ авч байгаа юм байна. Цар тахлын үед улсад учруулсан 106 сая төгрөгийн хохирлыг хэн барагдуулах нь тодорхойгүй байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалтын ажил явуулж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулсан ноцтой үйлдэлд зөвлөмжөө илгээгээгүй Эрүүл мэндийн яам хариуцлага хүлээх үү, илгээсэн урвалжийг зориулалтын бус газар хадгалсан Увс аймгийн Эрүүл мэндийн нэгдлийнхэн хариуцлага хүлээх үү гэдэг нь тодорхой бус байгаа юм. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдын хүн гэгдэх О.Одбаяр ажилладаг бол дэд даргаар нь мөн түүний хувийн эмнэлэгт ажиллаж байсан эмч н.Алимаа ажилладаг юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.