Улсын хэмжээнд 209.5 мянган мал төллөөд байна

Улсын хэмжээнд 209.5 мянган мал төллөөд байна

ХХААХҮЯ-ны мэдээгээр оны эхэнд 30.8 сая хээлтэгч мал тоологджээ.

Одоогийн байдлаар 209.5 мянган мал төллөөд байна. Энэ нь нийт эх малын 0.7 хувь болж байна. Том малын зүй бус хорогдол одоогийн байдлаар оны эхний нийт малын 0.27 хувийг эзэлж байна.

Энэ 3 дугаар сарын эхний 10 хоногт хийсэн үнэлгээгээр 8 аймгийн 40 суманд цагаан зудын,  12 аймгийн 47 сум цагаанаар зудархуу байдалтай байна. 

Өнгөрсөн 7 хоногт Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Төв аймгуудын ихэнх нутаг, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хэнтийн баруун, Дорнодын өмнөд, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнодын зарим газраар  0.0-8.4 мм цас орсноос хамгийн их нь Ховдын баруун хойд, Улаанбаатар орчмоор 5.7-8.4 мм, бусад нутгаар 0.0-5.3 мм цас оржээ.

Засгийн газраас улсын нөөцийн 3713 тн өвсийг үнэгүй, 3025 тн тэжээлийг 50 хувь хямдруулан олгохоор болов. Отор ихтэй 7 аймагт тус бүр 50 сая төгрөгийн, нийт 350 сая төгрөг олгож байна. Эрүүл мэнд, нийгэм, онцгой байдлын үед үзүүлэх үйлчилгээг дэмжих үүднээс 17 автомашин хуваарилаад байна.

ХХААХҮЯ-ны Мөл аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газар зарим гурилын үйлдвэрийн төлөөлөлтэй уулзаж аймаг, орон нутагт хүргэх хивгийг 10 хүртэл хувиар хямдруулж борлуулахаар тохиролцов. 

Өнгөрсөн  7 хоногт Булган аймагт 87 тн хивэг, Архангай аймагт 50 тн хивгийг “Улаанбаатар гурил” ХХК-аас авч хүргүүлжээ. Мөн Өвөрхангай аймаг “Милл хаус” ХХК-тай 500 тн хивэг худалдан авахаар хэлэлцэж байна. Хөвсгөл аймгийн Рашаант сум 50 тн хивгийг Дархан -Уул аймаг дахь “Улаанбаатар гурил” ХХК-ийн  салбараас худалдан авахаар болов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.