Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ж.Батжаргал танилцууллаа.

Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, бүтээгдэхүүнийг экспортлох, боловсруулах хүчин чадал, таримлын сэлгээ, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих замаар хүн амын хүнсний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтыг” дэвшүүлсэн. Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалттай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагддаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж багасахын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг үүсгээд байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Мөн хөдөө аж ахуйн салбарт техник технологийн шинэчлэлт бүрэн хийгдээгүй цар тахлын энэ үед тариаланч, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг бууруулж байгаа аж. Иймд  короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн татварыг хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төсвийн байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн байна. Хууль санаачлагч импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж хуулийн төслийг боловсруулсныг санал, дүгнэлтэд дурдсан байв.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ковидын цар тахлын энэ үед эдийн засгаа сэргээх, хүнсний хангамжаа дотоодын нөөц бололцоогоор хангах, техник тоног төхөөрөмжөө сайжруулах зэрэг цогц бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хуулийг 2025 он хүртэл мөрдөх нь зүйтэй, түүнчлэн хүлэмжийн аж ахуйн тоног төхөөрөмжийг мөн татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Х.Баделхан, Н.Алтанхуяг, Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, Т.Аубакир, Ч.Ундрам, Х.Ганхуяг нар асуулт асууж, хариулт авсан. Дараа нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 55.4 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. 

Дараа нь Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ж.Батжаргал танилцуулсан.

Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн үзэж боловсруулсан төслийг 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлжээ. Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байна, цаашид хэлэлцүүлгийн явцад хүлэмжийн аж ахуйн тоног төхөөрөмжийн гаалийн албан татварыг хөнгөлөх асуудлыг төсөлд нэмж тусгах, мөн хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл хэрэгжүүлэх, ингэснээр үндэсний үйлдвэрлэгчдээс дотоодын хэрэгцээгээ хангадаг байх нөхцөл бүрдэнэ гэсэн саналыг гаргасан байна. Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир гишүүн асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Төрөөс авч хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлтийн үр ашгийг эцсийн дүндээ ард иргэд хүртэж, чанартай хүнсийг тогтвортой үнээр худалдан авах ёстой. Эдгээр арга хэмжээний эцсийн үр дүнг салбарын яам хэрхэн үнэлдэг талаар тодруулсан. Аж ахуйн нэгжүүд л хүртэж байгаа гэж ойлгох нь өрөөсгөл гэдгийг З.Мэндсайхан сайд онцлов. Төрөөс татварын дээрх төрлийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд гурил тэргүүтэй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ харьцангуй тогтвортой байгааг тэрбээр дурдсан. Төр, бараа бүтээгдэхүүний үнийг хянах гэхээсээ илүүтэй чанартай, эрүүл, аюулгүй хүнсээр ард иргэдээ тасралтгүй хангах үүрэгтэй учир төрөөс авч хэрэгжүүлж буй дээрх төрлийн татварын хөнгөлөлт энэ зорилтод онцгой түлхэц үзүүлдэг, үр дүнтэй арга хэмжээ хэмээн хариуллаа.

Төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал гишүүн үг хэллээ. Цар тахлын нөхцөл байдал нь тариалан эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл үүсгээд байгаа энэ үед төрөөс татварын хөнгөлөлтийн дээрх бодлогыг авч хэрэгжүүлж байгаа нь чухал ач холбогдолтойг гишүүд тэмдэглэж байв. Түүнчлэн төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогуудыг зорилтот бүлэгтээ шуурхай хүрэхэд салбарын яамнаас онцгой анхаарч, нэн шуурхай ажил хэрэг болгохыг хүслээ. Ц.Сандаг-Очир гишүүн, нийслэлийн ойр орчимд дэд бүтэц бүхий бүс нутагт дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй байгуулах, үүнийг салбарын яам бодлогоор дэмжих шаардлага байгааг хэлсэн.

Ингээд уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.2 хувь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2021-04-23

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршлууд 2021-04-23

Улсын дээд шүүхэд хязгаарлалт тогтоосон тул нийт шүүгчид цуглах боломжгүй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт мэдэгдэв. 2021-04-23

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө. 2021-04-23

“Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа. 2021-04-23

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. 2021-04-23

ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр суманд 3 хоног хатуу хөл хорио тогтооно. 2021-04-23

Усанд осолдсон 10 хүний дөрөв нь нэг гэр бүлийн гишүүд байжээ. 2021-04-23

НҮБ: Ковидын үед аль ч түвшинд зөв шийдвэр гаргах ёстой 2021-04-23

Дээд шүүх Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авах боломжгүй гэж мэдэгдлээ 2021-04-23

Иргэдийг V сарын 10 гэхэд нэгдүгээр тунд бүрэн хамрагдуулж дуусгана. 2021-04-23